БСШУС-ын байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүд биеийн тамир, спортын салбарынхантай цахим уулзалт хийлээ
2021.05.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

БСШУС-ын байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүд биеийн тамир, спортын салбарынхантай цахим уулзалт хийлээ

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Жаргалмаа нар өнөөдөр /2021.05.11/ биеийн тамир, спортын салбарынхантай цахим уулзалт хийлээ.

Уулзалтад биеийн тамир, спортын салбарын  төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 50 орчим хүн оролцов. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг тус ажлын хэсэг нь Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг сонсож, хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх, Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харъяа нийслэлийн зарим дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх зорилготойг танилцууллаа. 

 Үргэлжлүүлэн салбарын холбогдох албан тушаалтнууд салбарын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсний дараа оролцогчид санал хэлж, асуулт асуусан. Мөн Ажлын хэсгийн ахлагч, гишүүд салбарын төлөөлөгчдөөс асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг  хэлж, байр сууриа илэрхийллээ.

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2021.04.27-ны өдрийн хуралдаанаараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын мэдээллийг сонссоноор уг мэдээлэлтэй холбогдуулан  Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ