МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлого барьж ажиллана
2021.05.24
Орон нутгийн хөгжил

Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлого барьж ажиллана

Монгол улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсгийн хамт УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Замын-Үүдийн чөлөөт бүсийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, ахуйн хэрэглээний халуун усаар хангах, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх үүрэг бүхий “Замын-Үүдийн дулааны станц” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 123 дугаар тогтоолоор баталсан билээ. 

Үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 5,7 сая ам доллар, Азийн хөгжлийн банкны 30 сая ам долларын санхүүжилтээр эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх ерөнхий төслийн хүрээнд дэд бүтэц болон барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах, тогтвортой менежментийн үйл ажиллагааг дэмжих, чөлөөт бүсэд боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 

Дээрх ажлыг бодлогын түвшинд хэрэгжүүлсэнээр  2026 он гэхэд экспортын бараа бүтээгдэхүүн 3 дахин нэмэгдэж, 5000 ажлын байр бий болж, Монгол улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20 орчим хувь нь Замын-Үүд суманд ирж суурьших боломж бүрдэх юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Тус төслийг БНХАУ-ын 201 сая юань (75 тэрбум төгрөг)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж барих юм. 

Мөн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилуулах юм. 

  Боомтын шинэчлэлээр:

  • -Зорчигчийн шалган нэвтрүүлэх барилга
  • -Зорчигч иргэдийн хил нэвтрэх хэсэг
  • -Зорчигч тээврийн шалган нэвтрүүлэх хэсэг

Ачаа тээврийн шалган нэвтрүүлэх хэсэг зэргийг шинээр барьснаар нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ.  Боомтын барилга угсралтын ажлыг энэ оны 12 дугаар сард дуусгах бөгөөд 2022 оны 07 сард үйл ажиллагааг бүрэн эхлүүлэхээр төлөвлөж байна.

Тээврийн жолооч нарын 95 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна

Монгол Улсын авто замын томоохон боомт, эдийн засгийн болоод стратегийн чухал ач холбогдолтой Замын-Үүд сумын хувьд халдварт  цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт, оношилгоо шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа билээ.

Өнгөрсөн 4 дүгээр сараас “Шаргын овоо” тусгаарлах байранд тээврийн жолооч нарыг байрлуулж, орон нутгийн иргэдээс тусгаарласны үр дүнд сүүлийн 2 сар шахам  хугацаанд Замын-Үүд суманд дотоодын халдвар гараагүй бөгөөд вакцинжуулалтын тухайд нийт иргэдийн 80 гаруй хувийг нэгдүгээр тунд, 60 хувийг 2 дугаар тунд бүрэн хамруулж, эрсдэлт бүлэг болох тээврийн жолооч нарын 95 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан байна. 

Тус аймгийн хувьд вакцинжуулалтын үзүүлэлтээр улсад хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Цаашид ногоон бүс болох зорилтын хүрээнд түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмжийг Засгийн газарт уламжилж, шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Мөн албан ажлын хүрээнд эрүүл мэндийн орчин нөхцлийг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс Иххэт, Хөвсгөл сумдын Эрүүл мэндийн төвд автомашины дэмжлэг үзүүллээ. Эрүүл мэнд, онцгой байдлын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.

 

ШИНЭ МЭДЭЭ