МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалт, багш сурагчдыг компьютержүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ
2021.05.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалт, багш сурагчдыг компьютержүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021 оны төсвийн жилд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан, боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар болон боловсролын цахим шилжилт буюу багш сурагчдыг компьютержүүлэх үйл ажиллагааны талаар тус яамны Мэдээллийн технологи, статистикийн газрын дарга О.Дүнжиннамдаг нар тус тус танилцуулав. 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбарт ахиц дэвшил гарч, хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр шийдэгдэж, жилд 140 объект ашиглалтад оруулж байна. 2020 оны хувьд 63 цэцэрлэг, 31 сургууль, 2019 онд 46 сургууль, 76 цэцэрлэг ашиглалтад оруулснаар гурван ээлжээс гарах нөхцөлийг бүрдүүлснийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ 2021 онд 49 сургууль, 10 цэцэрлэг, дөрвөн спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэв.

Харин сүүлийн 20 орчим жил салбарын мэдээллийн технологийн дэд бүтэц, нэгдсэн сан үүсгэх, бүх шатны боловсролын байгууллагын мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх, сургалтын байгууллагуудыг компьютер тоног  төхөөрөмжөөр хангах, цахим сургалтын платформ, цахим контент боловсруулж бүх нийтийн хүртээл болгох үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгааг БШУЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн газрын дарга О.Дүнжиннамдаг танилцуулгадаа онцолсон.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Х.Ганхуяг, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс багш нарыг зөөврийн компьютерээр хангахад шаардагдах тооцоо, судалгааг илүүтэй лавлаж байлаа.

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сүүлийн 10 жилийн хугацаанд цахим шилжилтийн ажлыг хийж байна. Томоохон хөрөнгө оруулалтаас дурдвал анх удаа  2015 онд 25 мянган багшийг “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд компьютерээр хангасан гэдгийг тус яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан хариултдаа онцолсон.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн 31 мянга, цэцэрлэгийн 9 мянга орчим багшийг компьютерээр хангахад нийтдээ 40 мянган зөөврийн компьютер шаардлагатай бөгөөд нэг бүрийн үнийг 1 сая 500 мянган төгрөгөөр тооцон шууд худалдан авалт хийхэд 60 орчим тэрбум төгрөг болно гэсэн тооцоог гаргасан хэмээн Ажлын хэсгийн зүгээс нэмэлт хариулт өгсөн.

Дараа нь  Байнгын хорооны дарга Г.Дамдинням Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулах болсныг мэдэгдэв.

Энэ хүрээнд “Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Т.Энхтүвшин, Л.Энх-Амгалан, А.Адьяасүрэн, Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг болон Төсвийн байнгын хорооны зарим гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтов.

“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

    Хуралдааны төгсгөлд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин хийлээ. 

Тус Ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтэд; 

1.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх гэсэн заалтыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 оны хичээлийн жилд шаардагдах 23.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэх;

    2.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, санхүүжилтийг 2022 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах /байрыг стандарт, техникийн зохицуулалтад нийцүүлэн засварлах, өргөтгөх, шинээр барих, стандартын шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмж/; 

     3.Мэргэжлийн хүний нөөц /хоол зүйч, тогооч/-ийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлж, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх  асуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох /орон нутагт эхний ээлжид Боловсролын газарт ажиллах хоол зүйчийн орон тоо, цалингийн зардлыг шийдвэрлэх;

    4.Сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын түрээсийн орлогыг тухайн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байрны засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжид  зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

    5.Сургуулийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг хүн амын зохистой хооллолтын талаарх зөвлөмжид заасан хэмжээ, инфляцын түвшинтэй уялдуулан шинэчлэн батлах;

    6.Орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн аюулгүй хүнсний ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, хоол үйлдвэрлэлд хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг ерөнхий гэрээний дагуу зохион байгуулах;

    7.Хүн амыг хоол шим тэжээлийн мэдлэг ойлголттой болгох чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулсныг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулгадаа онцолсон. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ