МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг тойрогтоо ажиллаж байна
2021.05.31
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн С.Чинзориг тойрогтоо ажиллаж байна

Бүрдийнхэн түүхт ойгоо угтан олон ажил хийхээр төлөвлөсөн.

Энэ оныг Өвөрхангай аймаг “Хөдөө аж ахуйг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд төлөвлөсөн томоохон ажлын нэг нь малын тэжээл тариалах.

Бүрдийнхэн малын тэжээлийг өөрсдөө тариалж, малчдаа хангадаг байхыг бүрэн дэмжиж буй бөгөөд Боргидойд тэжээлийн ургамал тариалж, үйлдвэрлэж байсан туршлага дээрээ тулгуурлан баг бүр тодорхой хэмжээний газарт тариалалт явуулахаар болж, тариалалт ч өнөө маргаашгүй эхлэх гэж байгаа юм байна. Энэ онд Өвөрхангай аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа. Мөн 7 сум түүхт ойгоо тэмдэглэхийн нэг нь Бүрд.

Бүрдчүүд өнгөрсөн өвөл хаврыг хүндхэн давсан ч хавар эрт орсон хурын ачаар ногоо эрт гарч мал шинэ ногоонд цадаж, малчдын сэтгэл тэнийж эхэлсэн. Цаг сайхан болохоор байгаа тул сумынхаа ойг сайхан тэмдэглэчих юмсан хэмээж буйгаа тус сумынхантай хийсэн уулзалтын үеэр олон хүн илэрхийлж байлаа. Ойгоо угтаад бүтээн байгуулалтын хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн нь цар тахлын улмаас хойшилсон ч үлдэж буй хугацаанд чанартай хийж гүйцэтгэхэд хаа хаанаа анхаарч буй юм билээ.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн хичээлийн байр, дотуур байрны засварыг хийж, сургууль, цэцэрлэгийг тохитой ариун цэврийн өрөөтэй болгох ажлыг хийх юм. Мөн цэцэрлэгийн өргөтгөл барих, үүрэн холбооны сүлжээний өргөтгөл хийх гээд бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага байгаа.
Орон нутгийн хөгжлийн сангаас Спорт заалаа засч, наадмын талбайгаа тохижуулан, хүүхдийн тоглоомын талбай байгуулж, дотуур байрны хүүхдүүдийн хэрэглэх хатуу эдлэлийг шинэчлэх ажлыг хийх юм.Төр улс, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж нутаг орондоо хүндлэгдсэн Есөнзүйл сумын шилдгүүдэд шагналыг нь гардуулж өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан О.Цэрэндоо болон Засгийн газрын шагнал Хөдөлмөрийн тэргүүнийн ажилтан Д.Нацаг, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Ч.Төмөртогоо, Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан О.Цэцэгмаа, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Г.Ариунаа, Г.Амарцогт, Боловсролын тэргүүний ажилтан А.Сэвжид, Ардын авьяастан Ю.Бямба, яамдын Хүндэт жуухаар шагнуулсан Л.Адъяасүрэн, Б.Өнөрцэцэг, Б.Бямбадолгор, Ж.Байгальмаа зэрэг шагнал гардсан бүх хүнд халуун баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шагнуулсан хүмүүсийн дунд ээж охин 2 нэг биш байсан нь сайхан санагдаж байлаа.

ЕСӨНЗҮЙЛИЙНХЭН ТАРИАЛАН ЭРХЛЭХ ӨӨРИЙН ГЭСЭН ТУРШЛАГАТАЙ

Есөнзүйлийн уулзалтууд Зүүн голд нутаглаж буй Улсын аварга малчин Б.Адьяадоржийнхоос эхэллээ. Аваргынх тус сумаас алсын отроор өөр аймаг, сумын нутагт өвөлжиж хаваржсан 104 өрхийн нэг.
Энд цугласан малчид дийлэнх нь Төв, Булган аймгийн нутагт өвөлжсөн, нутагтаа ирээд удаагүй байгаа. Сүүлийн гурван жил зуншлага тааруугаас нутаг хайн оторт явж, хүн бүл тааруу нь нутагтаа үлдэн хэдэн малынхаа хойноос цуцалтгүй явж өвөл хаврыг давсан юм.
Алсын отроос ирсэн малчид “Өнгөрсөн дөрөвдүгээр сард орсон цас, борооны үр дүнд газар сайхан чийг авч өмнөх жилийн өдийтэй харьцуулахад нутагт цаг сайхан, сэтгэл тэнэгэр байна даа” хэмээж байв.

Манай малчид байгалийн эрхшээлд захирагдаж, хаяа багтвал бууж, хамар багтвал иддэг уламжлалт аргаар мал аж ахуйгаа авч явахад хүндрэлтэй болсныг маш сайн ойлгож, цагийн аятайд өвс тэжээлээ нөөцөлдөг, өөрсдөө тарьж ургуулдаг, хэрэгцээгээ хангадаг байхад анхаарах цаг хэдийнэ ирснийг ойлгож байгаа.
Тиймээс орон нутагтаа малын тэжээлийн үйлдвэртэй байх, өөрсдөө бага гэхгүй газарт тариалалт явуулж ган зудын үед бусдын царай харахгүй аж ахуйгаа аваад явдаг байх ёстой гэж байсан.

Өндөр гэгээний нутгийнхан газар тариалан эрхлэх багагүй туршлагатай улс. Халтар арвай тариалж сумаа хангачихдаг байсан газар. Тиймээс тус сумынхан дунд газар тариалангийн шинэ арга технологи тухайлбал, хөрсгүй тариалалтын аргыг нэвтрүүлэх хүсэлтэй хүн ч байна. Тэд төр засгаас иргэдийг газар тариалан эрхлэхийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийхэд анхаарахыг захиж байв.
Есөнзүйл намартаа оторт явж байгаа, хавар зуны эхэнд отроос буцаж буй малчдын хөлд дарагддаг. Өөрсдөө ч оторт их явдаг. Тиймээс цагийн хатууд зүдэрч яваа бусад сумын малчдыг хөөж туухгүй байхын хамт ирсэн явсан хэн ч бай тухайн орон нутагтаа хууль дүрмийг чанд сахиж, булгийн тархинд нь буухгүй, өвөл нөөцөлснийг нь талхалчихгүй байж, буцахдаа өвөлжөө бууцыг нь цэвэрлэж, малын сэг зэмээ устгаад эргэж уулзах нүүртэй байхыг би малчдадаа их захьдаг.

Мөн сүүлийн жилүүдэд төр засгаас малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, цар тахлын хүнд үед иргэдийн орлогыг дэмжих чиглэлээр авч байгаа арга хэмжээ хүндээ хүрч, амьдралд дэм болж чадсанд талархаж байв. Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс. Тиймээс Есөнзүйлийн залуус орчин үеийн тоног төхөөрөмжтэй фитнессийн төвтэй болгож өгөөрэй гэдэг хүсэлт тавьсан. Сум орон нутаг ч энэ тал руу анхаарч хуучин спорт заалаа засч тордоод Залуучууд хөгжлийн төв болгохоор ажиллаж байгаа гэнэ. Мөн сумын Засаг дарга албан газрын удирдлагууд, багийн дарга нартайгаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр бодитой ажил зохион байгуулах үүрэг өгч алхалтын клуб, нийтийн бүжгийн сургалт зэргийг эхлүүлэхээр төлөвлөсөн ч ковидын хөл хорионоос болж хойшилсноо удахгүй нээнэ гэж байна билээ.

Хөдөлмөр зүтгэлээрээ нутаг орныхноо манлайлж, түмэн олныхоо сайн сайхны төлөө ихийг хийж бүтээсэн салбар бүрийн төлөөлөлд шагналыг нь гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан Д.Батцэцэг багш, Засгийн газрын шагнал салбарын тэргүүн болсон З.Эрдэнэ-Очир, А.Батбаатар, Ц.Батдулам, Д.Балжинням, Ц.Цэрэнханд, Д.Дуламсүрэн болон яамдын Хүндэт жуухаар шагнуулсан Ч.Отгонбаяр, Л.Ганбаатар, З.Энхжаргал, Ч.Батбаатар нартаа дахин баяр хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ