МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Баярсайхан: Монгол Улсын үнэт баялаг болсон иргэнээ сайн зан чанартай, зөв хүн болгож байж ёс зүйт нийгмийг бүтээнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Боловсролын багц хууль бол Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдолтой. Цаашид Монгол Улс ямар иргэн, хөгжилтэй байхыг тодорхойлох хөгжлийн суурь хууль юм. СӨБ, ЕБС-ийн зорилгоос ... сайн зан чанартай иргэн гэдэг үг хасагдсан байна. Намар төслийг хэлэлцэхдээ энэ үгийг нэмж оруулах хүсэлтэй байна.

Салбарын сайд өөрөө хэллээ. Мэдлэг, чадвар, хандлага гэж. Монгол Улсын үнэт баялаг болсон иргэнээ сайн зан чанартай, зөв хүн болгож байж ёс зүйтэй нийгмийг бүтээнэ. Тиймээс зан чанарын хөтөлбөр гэдэг бол бидний хамгийн гол хийх ажил. Ийм чухал үед сэтгэл зүйчдээ түшиглэн, нийгмийг соён гэгээрүүлэх, 1940, 1960 онд сэтгэл зүйчдийн баталсан онолын дагуу 0-3 насанд хүүхдийн зан чанар сайн тогтдог, эхийн хайр, эцгийн хамгаалалт хүүхдэд хэрэгтэй байдаг гэдгийг ойлгуулж, соён гэгээрүүлэх хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-д бүртгэлтэй 200 гаруй улс орнуудаас ганцаараа 2, 3, 4, 5 насанд нь цэцэрлэгийн зардал бүрэн төлдөг. 2 настай хүүхдүүдийг эцэг эхийн сонголтоор өдөр өнжүүлэхэд хамруулах нь маш зөв бодлого гэж би дэмжиж байна.

Орон нутагт боловсролын салбарын томилгоог тухайн орон нутагт засаг дарга нар нь томилдог байдлыг халах гэж байгаад маш их баяртай байна. Ялсан аймагтаа багш нараа байлгадаг гэх асуудал бий. Боловсролын салбарыг улс төржүүлмээргүй байна. мэргэжлийн багш нар байгууллагаа удирдаад явах нь зүйтэй. 

Мэргэжлийн сургалтын хууль, Хүмүүнлэг боловсролын тухай хууль бий. Эдгээр хууль одоогийн энэ Боловсролын багц хуультайгаа хэрхэн уялдаж явах вэ?"

Түүний асуултанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариуллаа. 

Хуулийн хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан дараах саналыг хэллээ. 

ШИНЭ МЭДЭЭ