МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Сүхбаатар: Хотын машиндаа “эзлэгдсэн” газруудыг хүмүүс үйлчлүүлдэг, холхидог болгох хэрэгтэй
2021.08.02
Барилга, Хот байгуулалт

Ж.Сүхбаатар: Хотын машиндаа “эзлэгдсэн” газруудыг хүмүүс үйлчлүүлдэг, холхидог болгох хэрэгтэй

“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж Чингэлтэй дүүргийн Гутлын 22-т албан ёсоор нээгдлээ. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.

-Анхны “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж Чингэлтэй дүүрэгт нээгдлээ. Тус дүүргээс сонгогдсон гишүүний хувьд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Хотын соёл жижиг зүйлээс эхэлнэ. Социализмын үеийн Улаанбаатар хүмүүс нь гудамжаар холхисон, машин цөөнтэй байсан шүү дээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд хөгжил дэвшил, хүн амын төвлөрлөө дагаад хотын гудамжаар машин зонхилдог болсон.

Орчин үеийн хотуудын чиг хандлага бол хотын гудамжийг иргэдэд нь эргүүлэн өгөх болоод байна. Иймд Улаанбаатар хотын удирдлагаас өглөөний жишиг гудамжийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гутлын 22-оос хэрэгжүүлж эхэллээ. Энд үйлчилгээний байгууллагууд, иргэдэд зориулсан сайхан орчин, нөхцөл бүрдсэн байна. 

Хотын удирдлагаас мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад энэ ажлыг эхлүүлсэн. Цаашлаад өглөөний 06:00 цагаас эхлэн хотын амьдрал өрнөдөг болох нь. Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын түвшинд хүрч эхэлж байна. Том хотуудын өглөөний амьдрал бол тэр чигээрээ бизнес, үйлчилгээ байдаг. Энэ утгаараа эдийн засгийн хөгжлийг дэмжиж байдаг. Тэгэхээр өглөөний гудамж аж ахуйн нэгжүүдийн бизнест тодорхой дэмжлэг болно.

Туул гол орчмоо ч хөгжүүлэх боломжтой

Хотын соёлын нэг хэсэг бол яах аргагүй гудамжны соёл.

 Магадгүй жижиг зүйлийг хэт дөвийлгөлөө гэж харах хүмүүс байгаа байх. Гэхдээ энэ бол ажлын эхлэл. Энэ эхлэл бодит ажил болон хэрэгжиж байгаад маш их баяртай байна.

Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд болоод Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хорооны гишүүд ч энэ ажилд анхаарал хандуулан ажиллана. Цаашлаад хотын удирдлагатай хамтран Туул гол орчмоо ч хөгжүүлэх боломжтой юм.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийг та ахлан ажилласан шүү дээ. Хуульд ямар томоохон зохицуулалтыг тусгасан бэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэж 27 жил явж ирсэн хуулийг бид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль гэж УИХ-д оруулж, шинэчлэн баталлаа. Тус хуульд Улаанбаатар хотын эдийн засаг, хүн амын амьдрал, үйлчилгээг дэмжсэн зохицуулалтуудыг оруулж өгсөн. Энэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хотын дүрэм, стандартыг батлахаар болсон. Өөрөөр хэлбэл, нохойгоо салхилуулахаас эхлээд үйлчилгээний бусад стандартыг хот өөрөө тогтоох боломжийг хуульд тусгаж өгсөн. Хотын стандартыг ярихгүйгээр бусад ажлыг яриад байж болохгүй. Энэ ажлууд УИХ-ын бодлогын түвшинд хэрэгжиж, Засгийн газрын түвшинд дэмжлэг авч байна. Хотын удирдлагууд ч бэлтгэл ажлуудаа хангаад явж байгаа. 

Чингэлтэй дүүрэгт нээгдсэн өглөөний жишиг гудамжны төслийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох “Туушин” зочид буудлын урд байгуулахаар төлөвлөж байна. Энэ мэтчилэн дүүргүүдэд үе шаттайгаар өглөөний гудамж байгуулах юм билээ. Харин бидний зүгээс хотын засаглалын чадавхыг сайжруулах, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог байгуулсан. Энэ түр хороог УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахалж  байна.

-“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдсан энэ үед иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Хотын машиндаа “эзлэгдсэн” газруудыг хүмүүс үйлчлүүлдэг, холхидог болгох хэрэгтэй. Барилгажуулах, орон сууцжуулах ажлын хажуугаар ногоон байгууламж, хотын соёлт гудамжнуудыг бий болгох ёстой. Энд мэдээж хувийн хэвшлийн оролцоо, иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. “Өглөөний гудамж” төсөл дээр ажилласан баг, хамт олонд талархлаа илэрхийлэхийн сацуу энд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын маань ашиг орлого арвин байх болтугай хэмээн ерөөе.

Иргэд маань ч өглөөний гудамжаар идэвхтэй үйлчлүүлээрэй.

ШИНЭ МЭДЭЭ