2021.07.20
Орон нутгийн хөгжил
Дулааны шугамын ажлыг хугацаанд нь чанартай, сайн гүйцэтгэхийг анхаарууллаа
Ж.Ганбаатар гишүүн тойрогтоо хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж байна.Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ.
"УУЛЗАЛТ-2"
Баяр наадмын амралт дуусч, ажил эхэллээ...
Ажлын эхний өдөр тойрогт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах ээлжит уулзалтаа хийж, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол дагуух дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.
Уулзалтанд Эрчим хүчний яам, Сангийн яамдын төлөөлөл, Баянгол дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга нар, албаны бусад хүмүүс болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцов.
УБ хотын баруун бүсийг дулаанаар хангагч 8А магистраль шугам буюу Баянгол дүүрэг, 10-р хороолол дагуух дулааны шугамд 2020 оны 11 дүгээр сард дөрвөн томоохон гэмтэл гарч, тухайн үед шугамын 2 талд тусгаарлагч тавих байдлаар гэмтлийг засварлаад байсан юм.
Уг шугамын гэмтлийн асуудлаар сүүлийн 5 жил иргэдээс тасралтгүй санал гомдол ирж байгаа бөгөөд Улсын 3 дугаар эмнэлгээс Улаанбаатар палас хүртэлх 61 байр, 21 аж ахуйн нэгж буюу 7000 орчим өрхийн дулаан, халуун усны асуудал хөндөгдөж буй тул яаравчлан шийдвэрлэх чиглэлд тус тойргоос сонгогдсон гишүүний хувьд онцгойлон анхаарч, холбогдох газруудад хандсаар ирсэн.
Үүний үр дүнд шугамын шинэчлэлийн ажил энэ онд хийгдэхээр төлөвлөгдөж ажил эхлээд байгаа юм.
Гүйцэтгэгч компанийн зүгээс хэрвээ хил гаалийн томоохон саатал үүсэхгүй бол засварын ажлыг 2021.09.15-ны дотор гүйцэтгэж ашиглалтад өгөхөө амлаж байна.
Шугамын засварын ажлаас шалтгаалан 10-р хорооллын оршин суугчид маань 2 сар гаруй хугацаанд халуун усгүй байгаа.
Тиймээс 10 дугаар сарын 01-ээс өмнө оршин суугчдыг халуун устай, дулааны доголдолгүй болгох талаар тойргоос сонгогдсон гишүүний хувьд идэвхийлэн ажиллаж байна.
Хамгийн чухал нь дулааны шугамын ажлыг хугацаанд нь, чанартай сайн гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанид Ж.Ганбаатар гишүүн анхаарууллаа.