Энэ онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов
2021.08.25
Барилга, Хот байгуулалт

Энэ онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газраас Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 утсанд авлигатай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд сурталтай холбоотой гомдол хамгийн их иржээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэхдээ авлигын асуудлаар хамгийн их гомдол авч байгаа асуудал болох нийслэлд газар олгох асуудлыг салгаж хойшлуулав. Учир нь, нийслэлд газар олголттой холбоотой асуудлыг цахимжуулах, ил тод нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах мөн Улаанбаатар хотын төлөвлөлт, түгжрэлийг бууруулах гэх мэт Засгийн газрын олон зорилготой уялдуулан асуудлыг цогцоор нь танилцуулах үүргийг Ерөнхий сайд холбогдох сайд, Нийслэлийн удирдлагуудад өглөө.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны эцэс хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 647,664 иргэнд 65,836.26 га газрыг өмчлүүлжээ. Үүнээс 646,658 иргэнд 65,643.06 га газрыг гэр бүлийн хэрэгцээний, 1,006 иргэнд 193.2 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлсөн байна.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт иргэдийн 19.6 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчлөн авчээ.

ШИНЭ МЭДЭЭ