Цөмийн оношилгоо, эмчилгээний төв нээлтээ хийлээ
2021.08.26
Эрүүл мэнд

Цөмийн оношилгоо, эмчилгээний төв нээлтээ хийлээ

Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн нээлт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт боллоо. Уг төвийг ашиглалтал оруулснаар цацраг идэвхт оношилгооны төхөөрөмжөөр хавдар болон бусад өвчнийг эрт илрүүлж, үе шатыг нь тогтоох боломжтой болж байна.

УХТЭ-ийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уг оношилгооны төхөөрөмжийг суурилуулах санхүүжилтийг БНСУ-ын ЭКСИМ банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийджээ.

Цөмийн оношилгооны талаар УХТЭ-ийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэлийн инженер О.Билгүүнтөр "Хавдрын оношилгоог хийхийн тулд цацраг идэвхт бодисыг хавдрын эсэд очиж суулгана. Өөрөөр хэлбэл, цацраг идэвх бодисыг хүнд тарьж, хавдрын эсэд очиж суулгах юм. Ингэж цацраг идэвхт бодисын суурилсан эсийн зургийг авна. Эс дээр очиж суурилж байгаа учраас эсийн түвшинд хавдар болон бусад өвчлөлийг эрт илрүүлнэ гэсэн үг.

Цөмийн бага чадлын цикл хурдасгуур гэдэг төхөөрөмж дээр суурилж хэрэглэдэг цацраг идэвхт бодис нь 110 минутын дотод задардаг учир дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай байдаг. Тиймээс тухайн бодисыг гаднаас зөөвөрлөх боломжгүй.

Харин УХТЭ цацраг идэвхт бодисыг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр PET/CT оношилгооны төхөөрөмжийг ашиглах боломж бүрдэж байна” хэмээн танилцуулав.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Таван хүн тутмын дөрөв нь хорт хавдрын улмаас нас бардаг статистик манайд байна. Түүний 80-90 орчим хувь нь эрт оношлуулж чадаагүй байдаг. Энэ нь нэг талаар ахисан түвшний цөмийн оношилгооны технологи манайд улсад байдаггүйтэй холбоотой. Харин өнөөдөр Улсын хоёрдугаарт төв эмнэлэг энэ байдлыг өөрчилж, анхны цөмийн оношлогооны төвийг ашиглалтад оруулж байна. Энэхүү технологийн дэвшлийг БНСУ-ын Самсунг эмнэлэгтэй хамтран угсарч, суурилуулсан. Энэ бол Монголын эрүүл мэндийн салбарт том дэвшил болж байна.
Засгийн газраас жил бүр нийт иргэдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Цар тахлын улмаас нас барж байгаа иргэдийн статистикад дүгнэлт хийхэд дийлэнх нь хорт хавдар, зүрх судас, сахарын өвчлөлтэй, жингийн илүүдэлтэй хүмүүс байна. Энэ нь мөн л эрт оношлуулж чадахгүй байна гэсэн үг.

Хэдийгээр зардал ихтэй ч иргэдээ жил бүр оношилгоонд хамруулдаг болохын зэрэгцээ яваандаа бүсчилсэн байдлаар болон аймгуудын эмнэлгийг энэ түвшинд хүргэх том зорилт тавьж байгаа. Оношлогоо, шинжилгээ хийлгэх асуудлыг даатгалын сантай уяна. Цаашид Хуримтлалын нэгдсэн сангаас эрүүл мэндийн тэтгэлэг авдаг болох гэхдээ тэр нь оношлогдсон тохиолдолд өгдөг болох байдлаар санхүүжилттэй нь холбож өгөхийг зорьж байгаа.

Иргэн бүхэн жилд нэг удаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрагддаг болох тогтолцооны шинэчлэл хийж чадвал дундаж наслалт өндөрсөх ач холбогдолтой юм.

УХТЭ-ийг нэг цэгийн оношилгооны төв болгох ажлыг туршсан. Энэ ажил амжилттай болбол үндэсний оношилгооны төвүүдийг бий болгох, тэдгээрийг хооронд нь цахимаар холбох тогтолцооны шинэчлэл хийнэ. УХТЭ гэхэд зөвхөн дарга нарт үйлчилдэг байсан бол эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хавдрын эсрэг эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг болоод байна" гэв. 

PET/CT оношилгоо буюу цөмийн оношилгоо ямар өвчний үед хийгдэх заалттай вэ?

Хавдрын өвчин, өвчний үе шатыг тогтоох, эмчилгээг илүү оновчтой хийхэд ашиглана. Үүнд:

  • Хавдрын анхдагч голомт аль эрхтэнд байгааг тогтоох
  • Хавдрын үсэрхийлэл байгаа эсэхийг
  • Хавдрын шинж чанар, тархалтын цар хүрээг тогтоох
  • Хамгийн тохиромжтой эмчилгээг олох
  • Эмчилгээ үр дүнтэй байгаа эсэхийг тогтоох
  • Хавдрын дахилт байгаа эсэхийг тогтоох
  • Мэдрэлийн эмгэгүүд
  • Уналт таталтын эмгэгүүд
  • Зөнөгрөлийн эмгэгүүд /Паркинсоны эмгэгүүд, Альцгеймерын өвчин гэх мэт/
  • Үрэвсэлт болон халдварт эмгэгүүд
  • Шалтгаан тодорхойгүй халууралт
  • Том судасны үрэвсэлт эмгэг
  • Үе мөчний үрэвсэлт өвчин

ШИНЭ МЭДЭЭ