МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говийн Их Дархан Цаазат газрын хамгаалалтын  захиргааг шилжүүлсэн асуудлаар Асуулга тавилаа
2021.09.15
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Говийн Их Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргааг шилжүүлсэн асуудлаар Асуулга тавилаа

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт хамаарах ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН "Б" хэсгийн хамгаалалтын захиргаа, түүнийг шилжүүлсэн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд асуулга тавилаа.

Говийн их дархан цаазат газрыг анх Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор “Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн зарим газар нутгийг хамарсан “Говийн их дархан цаазат газар” хэмээн нэрлэсэн байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/45 дугаар тушаалаар дархан цаазат газрыг хариуцан хамгаалж буй хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүн гарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилжээ. Маргаан дагуулсан уг асуудлын талаар Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Энх-Амгалан салбарын сайдад нь асуулга тавьж, тодруулж буй аж.