Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барилаа
2021.10.07
Гадаад харилцаа

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барилаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2021.10.06/ Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статустай хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1997 онд тус тус соёрхон баталжээ.

Цөмийн зэвсгийг хориглох гэрээний үндсэн зорилго нь улс орнуудыг цөмийн зэвсгээ хураахад нөлөөлөх, цөмийн зэвсгийг үр дүнтэй, баталгаатай, эргэж буцалтгүйгээр, цаг хугацаа зааж устгахад дөхөм үзүүлэх, цаашид дэлхийн хэмжээнд цөмийн зэвсгийг устгахад хувь нэмрээ оруулах, цөмийн зэвсгийг ашиглахгүй, эзэмшихгүй байх хэм хэмжээг тогтооход оршино.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ нь оршил 24, тогтоох 20 зүйлээс бүрдсэн байна. Манай улс гэрээг соёрхон баталснаараа цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, хурал, арга хэмжээнд идэвхтэй оролцоход ач холбогдолтой аж.

ШИНЭ МЭДЭЭ