http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Ковид-19"-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн цаглаварыг батлав
2021.10.07
Эрүүл мэнд

"Ковид-19"-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн цаглаварыг батлав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.06/ 14 цаг 10 минутад 62.5 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Коронавируст халдвар /Ковид-19/-ийн лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонсох, Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы аравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа.

Эхлээд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар улсын хэмжээний мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав.

Манай улсад 2019 оны арваннэгдүгээр сараас хойш 2021 оны аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар коронавируст халдварын 412,954 тохиолдол бүртгэгдэж, 1289 хүн нас барсан ба халдварын нийт тохиолдлын тоонд нас баралтын эзлэх хувь 0.31 байна. Халдварын эсрэг вакцины эхний тунд нийт хүн амын 69.2 хувь, хоёр дахь тунд 65.5 хувь хамрагдсан бол гурав дахь тунд 320289 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний 27083 орны 48.5 хувийг коронавируст халдварын тусламж, үйлчилгээнд ашиглаж буй бөгөөд нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 59.8 хувь нь хөнгөн, 28.9 хувь нь хүндэвтэр, 9.6 хувь нь хүнд, 1.7 хувь нь маш хүнд байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 37 нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгслийн 1-3 сарын нөөцтэй гэсэн мэдээллийг салбарын сайд өглөө.

Үргэлжлүүлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавируст халдварын нийслэл дэх нөхцөл байдлын талаар танилцууллаа. 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад нийслэлийн нийт 1,499,140 хүн амаас бүрэн тунд 1,060,281 хүн буюу 70,7 хувийг хамруулсан бөгөөд үүнээс жирэмсэн 2919 /24,5%/, 12-17 насны хүүхэд 93,344 /76%/ хамрагдсан байна.

Дархлал сэргээх нэмэлт тунд нийт 177,014 /16,5%/ хүн хамрагджээ. 2021 оны есдүгээр сар гарснаас хойш 101001 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь зургадугаар сарын давалгаанаас 62 хувиар өндөр байна. Манай улсад анх халдвар батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар ес дэх удаагаа шинэчилсэн оношилгоо, эмчилгээний удирдамжийг баримталж байгаа талаар танилцууллаа. Түүнчлэн, эмнэлгийн орны нэгдсэн зохицуулалт, эрүүл мэндийн салбарын хүний нөөц, шинжилгээний хүртээмж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаар товч танилцуулав.

Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Чинзориг, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, П.Анужин, Ц.Туваан, Б.Саранчимэг, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг гэрээр эмчилгээ авч байгаа иргэдэд хэрхэн хяналт тавьж, зөвлөж талаар буй болон эмнэлгийн орны хүртээмж, гэрээр эмчилгээ авч байгаад нас барсан хүний тоо нийт нас баралтын хэдэн хувийг эзэлж буй талаар тодруулав. Мөн өвчлөөд эдгэрсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээний удирдамж, төсөв бий эсэхийг тодрууллаа.

Энэ асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд гэрээр эмчилгээ авч байгаад нас барсан хүний тоо улсын хэмжээнд 55 байна, эмнэлэгт ор нэмэх боломжгүй, хүний нөөцийн боломж ч хомс байна, гэрийн эмчилгээний хяналт сайн хийгдэж байгаа, нөхөн сэргээх эмчилгээний удирдамжийг сайдын тушаалаар батлахаар боловсруулсан гэж хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен халдвар авсан хүн дахин халдвар авсан тохиолдол нийт халдварын хэдэн хувийг эзэлж буй, дөрвөн төрлийн вакцины дархлаа тогтоож буй үзүүлэлт болон вакцин тус бүрийн халдвараас хамгаалж буй тооцоо судалгаа гарсан эсэх талаар тодруулав. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлаас гарч буй шалтгааны талаар тодрууллаа. Энэ асуултад альфа вирусийн халдвар авсан хүн дахин дельта хувилбарын вирусээр өвдөж буй талаар, мөн дөрвөн төрлийн вакцин бүгд дархлаа тогтооно, гол нь дархлаа тогтох явц вакцин тариулсны дараах хугацаа уртсах тусам буурч байна, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлын стресс, ачааллаас шалтгаалан ажлаас гарч буй тухай хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг шинжилгээ авч буй аргыг хялбаршуулах боломжтой эсэх, сургууль, цэцэрлэгийн хүүхэд халдвараар өвчлөх байдал ямар байгаа талаар тодрууллаа. Дээрх асуултад Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургууль, 150 цэцэрлэгт өнөөдрийн байдлаар халдвар бүртгэгдэж, зарим цэцэрлэгийн сургалтыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн талаар хариулав. Шинжилгээ авч буй аргыг хялбаршуулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд одоо манай улсад шинжилгээ авч буй арга дэлхийн жишиг бөгөөд чанар, баталгааны хувьд хамгийн боломжийн нь болох талаар хариулт өгсөн юм.

Асуулт, хариулт өрнөсний дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Чинзориг, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар, анхан болон дунд шатанд хуулийн хэрэгжилтийг хангах талаар байр сууриа илэрхийлэн үг хэллээ.

Дараа нь Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тус Байнгын хороо энэ сард Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр цаглаварт тусгасныг Байнгын хорооны дарга танилцуулснаар “Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ