УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
"Эдийн засгаа сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгоё гэдэг ерөнхий санааг зарчмын хувьд дэмжиж байна. Өргөн барьсан хуулийг харахаар эргэлзэх зүйл байна.
2016 онд УИХ-д олонх болж, Засгийн газраа байгуулаад явахдаа гадаадын хөрөнгө оруулалт багасч, хасах руу орлоо, хөрөнгө оруулалтаа татах хэрэгтэй гээд тодорхой арга хэмжээ авсан. ГХО 4,2 тэрбум долларт хүрч байсан. Одоо цар тахлаас болж дахин буурч, ГХО 2,5 тэрбум хүрсэн байна. Эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй.
Төсөл санаачлагчийн хэлж байгааг харахаар хөрөнгө оруулагчдын босго 100 мянган доллар гэдэг нь хэт өндөр байгаа тул үүнийг босгогүй болгох төсөл орж ирсэн байна. Би үүнээс илүү улс төрийн нөхцөл байдал, тогтворгүй байдалтай холбоотой гэж үздэг. Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэхээр бол,
1. Хөрөнгө оруулалтын босго байх ёстой. Эдийн засгийн чиглэлээс хамаарч босгын хэмжээг тогтоох нь зүйтэй. Бид эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тогтоож, үйлдвэрлэлийг дэмжье гэж байгаа тул энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын босгыг бууруулж, өөрсдөө үйлдвэрлэдэг, шаардлагагүй чиглэлийн хөрөнгө оруулалтын босгыг өндөрсгөх ч боломжтой байх. Олон жил босго хөрөнгө оруулалтын хэмжээ бага байсан. Яагаад тухайн үед нэмсэн гэхээр үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж үзээд, тэр дундаа Вьетнам засвар хэт ихсэж байгаа зэрэгтэй холбон босгыг нэмж байсан. Тиймээс тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд анхаарч босгоо тогтоох нь зүйтэй.
2. Ажиллах хүчтэй холбоотойгоор хоёроос дээш ажлын байр бий болгосон тохиолдолд гэж томъёолж болохгүй. Нийт ажилтнуудын тэдээс доошгүй гэх хэлбэрээр томъёолох нь зүйтэй."