МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.13
Эдийн засаг, Худалдаа

Д.Батлут: Цар тахлын үеийн эдийн засгийн түвшинг тодорхойлох 2020 оны судалгаа байхгүй юм уу?

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.13\ хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут асуулт асуулаа. 

Энэ тогтоолын төсөлтэй танилцлаа. Цар тахалын өвчлөлтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ нөхцөл байдал ирэх онд ч гэсэн үргэлжлэх төлөвтэй ажиглагдаж байна. Тэгэхдээ эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чигэлээр УИХ, Засгийн газар тодорхой алхам, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Цар тахлын үед иргэдийн амьдралын чанар хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед нөхцөл байдлаа зөв дүгнэж ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй. 

Санхүүгийн секторт банкны сектор давамгайлж ЖДҮ-д санхүүгийн хүртээмж сул урт хугацааны санхүүжилтын хэрэгцээг хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлтийг гаргахдаа эх сурвалжаа ядуурлын дүр төрх 2018, үндэсний статистикийн хороо, дэлхийн банкнаас гаргасан өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа 2018 оны үзүүлэлтүүдээр судалж гаргасан мэдээлэл байна. Энэ хурдтай өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд 2018 оны суурь судалгааг үндэслэн төлөвлөлт хийж байгаа нь зөв үү? Энэ хэр бодитой төлөвлөлт гарах вэ? 2020 оны судалгаа ашиглаж болоогүй юм уу? 

Мөн нийгмийн зорилтод бүлэгт санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулах, санхүүгийн хүртээмж сайжрах, тэгш бус байдлыг арилгахад эерэг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр ЖДҮ гэдгээс гадна байнга хоцрогдож үлдэж байдаг бичил бизнесийг дэмжих чиглэлээр ирэх онд төрөөс мөнгөний бодлого баримталж байна уу? 

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ