Хушны самар түүж, бэлтгэхийг хориглох асуудлаар Ерөнхий сайдад хандлаа
2021.10.13
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Хушны самар түүж, бэлтгэхийг хориглох асуудлаар Ерөнхий сайдад хандлаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ногоон хөгжлийг дэмжиж ажилладаг онцлогтой. Б.Саранчимэг гишүүн МУ-ын “ногоон тусгаар тогтнол”-ын үндэс болсон ой модоо хамгаалахын төлөө ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандлаа.

Монгол улс нь цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг.

Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га нь ойн сан, 7.9 хувь нь ой мод гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавьж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч, 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллага тайландаа дурьдсан байдаг.

Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон иргэдийн амьдрал, бэлчээр, мал аж ахуй, хөдөө аж ахуй газар тариалан, зам, эрчим хүч гэх мэт дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлж, 2021 оны хавар Дундговь аймагт эрдэнэт хүний амь нас эндсэн тохиолдол гарсныг Монголчууд бид мартаагүй.

Бүх нийтээрээ мод тарьж байгаа ч арчилж ургуулах нь чухал асуудал.

Гэхдээ одоо байгаа ой модоо хамгаалах нь тэргүүн ээлжний асуудал.

Иймд Монгол орны газар нутаг, унаган байгаль төрх, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтыг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, сэргээх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэх үйл ажиллагааг урт хугацаанд хориглох шаардлагатай байгааг тухай асуудлаар МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон БОАЖ-ын сайд Н.Уртнасан нарт өчигдөр албан бичгээр хандлаа. Энэ хүсэлтийг ажил болгож, шийдвэр гарах хүртэл нь явна.

Монгол улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалтад зааснаар МУ-ын Засгийн газар эсхүл БОАЖ-ын сайдын хүрээнд асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа.

Хуш мод үр жимсээ 25-45 насандаа өгч эхэлдэг. Гэтэл самар түүдэг иргэд хуш модыг хайр найргүй мунаар цохиж, хугалж, гэмтээж байгаа. Цаашлаад тухайн орчноо бохирдуулж, гал алдаж ойн түймэр хүртэл гарч байгаа. Өнөөдөр хэдхэн боргоцойг нь авахын төлөө 1 модыг үхүүлсэнээр дор хаяж 25 жилийн дараа шинэ мод ургах хүртэл самар дахиж ургахгүй. Тэгэхээр бид байгаа жаахан ой модоо хайрлаж, хамгаалахаас өөр арга байхгүй. Хуш модны самар буюу үрийг бид түүж, бэлтгэж, экспортлохоос илүүтэй дотоодын ойн санг нөхөн сэргээхэд ашиглах нь илүү чухал.

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж Засгийн газар болон хариуцсан сайд даруй шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Цаашид би ногоон хөгжлийн төлөө Байгаль орчны багц хуулийг шинэчлэх ажлын хэсгийг ахлаж ажиллаж байгаагийн хувьд дээрхи хуулиудад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна гэдгийг Б.Саранчимэг гишүүн онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ