МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2021.10.14
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.13/ хуралдаан 14.21 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхлэв.

Хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, ямар сортын үрээр улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэхийг тодорхой болговол үрийн бодлого сарнихгүй явах бололцоо бүрдэнэ хэмээсэн. Тэрбээр, аймгийн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн байгууллага, сумд дахь албадад үр, сортын асуудлыг даатгаад аймгийн удирдлага хэт холдоод явчих вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлж байсан.

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Бид өөрийн нутагт тохирсон үрийн нөөцтэй байя, түүгээрээ тариалалтаа хийе гэсэн зорилготой байгаа. Тэр зорилгод энэхүү хуулийн төсөл хэр ойртсон гэж үзэж байгаа вэ хэмээн тодруулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, генетикийн нөөцийг хамгаалах, ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, тэдгээртэй холбогдсон харилцааг хуулийн төсөлд тусгасан, тавьсан зорилгодоо хүрсэн гэж үзэж байгаа гэсэн хариултыг өгсөн.

Эцэст нь ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар батлахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталсан. Тогтоолын төсөлд тусгагдсанаар Байнгын хороо 10 дугаар сард Таримал ургалмын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Генетик нөөцийн тухай хуулийн төсөл, “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна 

ШИНЭ МЭДЭЭ