2021.10.14
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Олон улсын байгууллагуудаас авч байгаа зээлүүдийн зарцуулалт “шилэн” байх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. 

Энэ хуулийг төслийг дэмжиж байна. Энэ хүнд цаг үед хөнгөлөлттэй зээл авч ашиглах нь зүйтэй. Хамгийн гол нь зээлийн ашиглалт ямар байгааг анхаарах хэрэгтэй. Аливаа зүйл ил тод, нээлттэй, зарцуулалт ойлгомжтой, гарч байгаа үр дүн тодорхой байлгах хэрэгтэй байна. Эцэс төгсгөлгүй хардлага гардаг. Гэхдээ шилэн, ил тод байх нөхцөлийг хангаж чадаж байна уу? 

Мөн бүх түвшинд ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө ойлголтын зөрүүтэй юм яриад байна. Энэ цаг үед хүн болгон эмч болчихсон, шинжээч болчихсон мэт ярьж байна. Та нар нэгдсэн нэг ойлголтыг өгөх хэрэгтэй байна шүү. Тэгэхгүй тэс  хөндлөн зүйл яриад байгаа. 

Энэ ковидын нөхцөл байдал, энэ цар тахлаас шалтгаалсан нийгэм, эдийн засгийн хямрал хүндрэлтэй байдалд анхаарал хандуулахгүй бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс эхлээд олон хүндрэлтэй зүйлүүд гарч ирлээ. Ажлын байр хомсдож байгаатай холбоотой асуудал, бараа бүтээгдэхүүний үнэ, уул уурхайгаас гаргаж экспортолж байгаа нүүрсний хилийн боомтын асуудал гээд олон асуудал байна. Энэ байдлаараа улам хүндрэх шинжтэй байна. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. 

Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ