МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
2021.10.15
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн  төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.15) өргөн барилаа.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: 

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын ажиллах хүчний 80 орчим хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 700 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр олгож байна.

Гэсэн ч нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, даатгалын сангийн ирээдүйн алдагдлыг бууруулах, нэрийн дансны хийсвэр бүртгэлийг мөнгөжүүлэх зорилгоор тэтгэврийн даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх шаардлага үүсчээ.

Түүнчлэн зарим салбарын хууль тогтоомжоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан нь хуулийн хийдэл үүсэж байна.

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим бодлого, үйл ажиллагаа болон ирээдүйд хүн амын насжилтаас хамаарч нийгмийн даатгалын сангийн зардал өсөж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэхээр байгаа тул нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангасан сангийн зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байгаа юм.

Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

ШИНЭ МЭДЭЭ