МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
2021.10.15
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.15) өргөн барилаа.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл:

Монгол Улс тэтгэврийн нэг давхаргат тогтолцоотой, тэтгэврийн санхүүжилтийн арга нь хуваарилалтын (pay go) хэлбэртэй. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч, 2020 оны жилийн эцсийн байдлаар 441.5 мянгад хүрсний 332.9 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байна.

Хүн амын насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор тэтгэврийн даатгалын сангийн зардал орлогоос давж, сангийн алдагдал хурдацтайгаар нэмэгдэж байна. Нэг давхаргат тэтгэврийн тогтолцоо, санхүүжилтийн хуваарилалтын арга нь даатгуулагчийн нийгмийн хамгааллын үндсэн баталгааг дангаараа хангахад хүндрэл учруулж байгаа аж.

Монгол Улсад ажиллагсдын дундаж цалингийн хэмжээ 2020 оны жилийн эцсийн байдлаар 1.220.6 мянган төгрөг, өндөр насны бүрэн тэтгэврийн дундаж хэмжээ 435.4 мянга байгаа нь дундаж цалингийн 35.6 хувь болж байна. 

Хэдийгээр манай улсын тэтгэврийн хуульд зааснаар даатгуулагч 20 ба түүнээс дээш жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол дундаж цалингийн 45 хувиар тооцож байгаа хэдий ч дундаж тэтгэвэр ба дундаж цалингийн харьцаа нь олон улсын конвенцод заасан хувиас бага байгаа юм.

Иймд даатгуулагчид нэмэлт тэтгэвэр авах боломжийг хуулиар олгох, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг өсгөх, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бий болгох, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Манай улсад хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч зарим байгууллагууд өөрсдийн ажиллагчдыг хамруулсан хувийн тэтгэврийн сангуудыг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. Гэвч тухайлсан хуулийн зохицуулалтгүй байгаа нь хувийн тэтгэврийн санд хамрагдсан 14.0 мянга гаруй даатгуулагчийн эрх ашиг зөрчигдөх, тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эрсдэлд орохоос яаж сэргийлэх арга замууд тодорхойгүй байгаа юм.

Дээр дурдсан практик шаардлага, олон улсын туршлагад үндэслэн ахмад настны нийгмийн баталгааг улсын нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээр хангахаас гадна даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төслийг боловсруулсан байна.

Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгох хууль эрх зүйн орчин шинээр бүрдсэнээр тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх; хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдсан иргэдийн эрх ашиг хамгаалагдах, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, ахмад настнууд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын эх үүсвэр нэмэгдэх; хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан бий болох; ажил олгогчоос ажилтныхаа хувийн нэмэлт тэтгэвэрт төлсөн шимтгэлийн хэмжээнд татварын чөлөөлөлт үзүүлснээр ажиллагчдынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх зэрэг эерэг өөрчлөлт бий болно гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ