МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.27
Улстөр

Ё.Баатарбилэг: Шинээр байгуулах яамдын бүтэц, үйл ажиллагааг хэрхэн богино хугацаанд жигдрүүлэх вэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ё.Баатарбилэг гишүүн асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: СЕХ, Төрийн албаны зөвлөлөөс төсөв төлөвлөгөөгөө өөрсдөө харсан байх. Үйл ажиллагаагаа явуулахад ямар нэгэн санхүүжилтийн асуудал гайгүй гэж үзэж байгаа юу? Сангийн сайдаас асууя, худалдан авах ажиллагааны газар Шадар сайдын асуудлын хүрээнд явж байна шүү дээ. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж байсан ч энэ дотор ороод явж байна.

Ирэх жилийн төсвийн хуулийн хэрэгжилт энэ газраас маш их хамаараад байна. тэгэхээр Сангийн сайдын байр суурийг ХУдалдан авах ажиллагааны газартай холбоотой асуудлыг асууя. Цаашдаа Шадар сайдынхаа эрхлэх асуудлын хүрээнд явах юмуу, эсвэл шинээр байгуулагдаж байна гээд байгаа Эдийн засаг хөгжлийн яамдаа хамаарах юмуу, яах ёстой юм бэ гэдэг дээр та маш тодорхой байр суурь илэрхийлээч. Яагаад гэвэл 2020 онд энэ асуудал яригдаж байсан. 2021 онд ч хөрөнгө оруулалтын маш ажлууд энэ байгууллагаас болж гацсан шүү дээ.

УИХ-ын Тамгын газраас байгаа байх. Байнгын хороод, дэд хороодын үйл ажиллагааны хүрээ хууль санаачлагчдын зүгээс ч юмуу, хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулах, орон нутаг явах, зарим нэг хуулийн эрдэм шинжилгээний ажлууд явуулахад төсөв санхүүгийн хүндрэлүүд гардаг. Орон тооны хүндрэлүүд гардаг. Ирэх жилийн төсөв дээр Их хурлын Тамгын газар Хууль тогтоох байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж явуулахад төсөв санхүү чинь болж байна уу гэдэг дээр хариулт авья.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ