БОАЖ-ын сайдаас хуш модны самар түүхийг хориглохыг хүссэн албан бичгийн хариуг ирүүлжээ
2021.10.28
Байгаль Орчин, Аялал жуулчлал

БОАЖ-ын сайдаас хуш модны самар түүхийг хориглохыг хүссэн албан бичгийн хариуг ирүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээс БОАЖ-ын сайд Н.Уртнасанд хуш модны самар түүхийг хориглохыг хүсэн албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл уг албан бичгийн хариу иржээ.

БОАЖ-ын сайд Н.Уртнасангаас ирүүлсэн албан хүсэлтийн хариуд:

...Хуш модны самрыг түүх бэлтгэх ашиглах үйл ажиллагааг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-166 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-аар зохицуулж байна. Журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу орон нутгаас ирүүлсэн ургацын мэдээ, “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ийн дүгнэлтийг үндэслэн, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тухай шийдвэрийг тухайн оны 9 дүгээр сарын 1-ний дотор бүсчлэн гаргадаг.

... Хуш модны самрын их ургацын жил нь дунджаар 4-5 жилд нэг удаа тохиодог бөгөөд Ойн ангиас жил бүр ирүүлдэг хуш модны самрын ургацын мэдээ, “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын судалгааны дүгнэлтээр бага, дунд ургацтай нь тогтоогдсон жилүүдэд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж ашиглах зөвшөөрөл олгодоггүй, зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэх зөвшөөрөл олгодог болно гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:  Сүүлийн жилүүдэд маш их хэмжээний ой мод хортон шавьжинд идэгдэж сүйдэж, дахин ургах боломжгүй болсон, хөрөөдөж тайрсан байдалтай байгаа. Өнгөрсөн жил ногоон байсан ой өнөөдөр үнсэн саарал хатаж үхсэн мод болсон байна.

Ой цэвэрлэх нэрээр хулгайгаар ургаж байгаа мод бэлтгэж байгаа асуудал ч байгаа. Салбарын яам энэ тал дээр зохион байгуулж байгаа ч ажлын үр дүн төдийлөн хангалтгүй байгаа билээ.

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар иргэд, байгууллагууд өнгөрсөн өдрүүдэд нийтээрээ мод тарьж байгаа ч арчилж ургуулах нь чухал асуудал. Гэхдээ тэрнээс наана одоо байгаа ой модоо хамгаалах нь тэргүүн ээлжний асуудал.

Энэ бүх учир шалтгаанаар одоо байгаа жаахан ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор худалдан борлуулах, ашиг олох зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэх, цаашлаад экспортлохыг хориглохыг хүссэн албан бичгийн хариуг маань БОАЖ-ын сайд Н.Уртнасангаас ирүүлжээ.

Хуш мод нь үр жимсээ 25-45 насандаа өгч эхэлдэг. Гэтэл самар түүдэг иргэд хуш модыг хайр найргүй мунаар цохиж, хугалж, гэмтээж байгаа. Цаашлаад тухайн орчноо бохирдуулж, гал алдаж ойн түймэр хүртэл гарч байгаа.

Өнөөдөр хэдхэн боргоцойг нь авахын төлөө 1 модыг үхүүлсэнээр дор хаяж 25 жилийн дараа шинэ мод ургах хүртэл самар дахиж ургахгүй болж байна. Тэгэхээр бид байгаа жаахан ой модоо хайрлахаас өөр арга байхгүй.

Энэ хүсэлтийг ажил болгож, шийдвэр гарах хүртэл нь явна. Та бүхэн минь дэмжээрэй гэж цахим хуудастаа бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ