МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилсан "Үндэсний өгөх өдөр" 11 дэх жилтэйгээ золгож байна
2021.11.01

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилсан "Үндэсний өгөх өдөр" 11 дэх жилтэйгээ золгож байна

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Энэ жил Үндэсний өгөх өдрийг “Хүний хөгжил” сэдвийн дор “Сайн зан чанараараа гэрэлтье” уриатай тэмдэглэж байна.

Анх 2010 онд хүнд өвчтэй онош нь тогтоогдохгүй байсан нэг ой гаруй настай Удвал охинд туслахаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан найзуудтайгаа хамтраад “Том болоорой Удвал аа” төслийг хэрэгжүүлж, охины эмчилгээнд хэрэгтэй байсан 25 сая төгрөгийг 10 хоногийн дотор цуглуулж өгсөн нь маш их урам болж “Үндэсний өгөх өдөр”-тэй болох санаа төрсөн байдаг.

Түүнээс хойш жил бүр “Үндэсний өгөх өдөр”-ийг тасралтгүй зохион байгуулж, нийгмийн сайн сайханд чиглэсэн 36 томоохон төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлжээ.

Өнгөрсөн жил 10 жилийн ойгоо “Талархлын жил” болгон өргөн цар хүрээнд тэмдэглэсэн “Үндэсний өгөх өдөр” энэ жил “сайн зан чанараараа ГЭРЭЛТЬЕ” уриалгыг дэвшүүлж байна.

“Үндэсний өгөх өдөр” ТББ-ын энэ жилийн хамгийн том баяртай мэдээ нь дэлхийд алдартай Металлика хамтлаг 40 жилийнхээ ойд зориулж 53 дуутай 4 диск бүхий “The Metallica List” цомгоо гаргаж, цомогт орсон дуунуудыг нэр хүнд бүхий хамтлаг дуучдаар дуулуулж олсон орлогоо 100 хувь сайн санааны үйлсэд зориулахаар болжээ.

Монголоос энэ алдарт хамтлагийн “Through The Never” дууг Чингис хааны одонт “Хү” хамтлаг Үндэсний хэл дээрээ дуулж, дууныхаа орлогын 50 хувийг Металлика хамтлагийн “All within My Hands Foundation” санд оруулж, 50 хувийг нь “Өгөх өдөр сан”-д хандивлахаар болсон байна.

Ингэснээр өнөөдрийн байдлаар үүсэн байгуулагдсан өдрөөсөө хойш Монголдоо болон дэлхийн 35 оронд амьдарч буй 300 гаруй мянган Монгол иргэнийг хамруулан хувь хүн, хүмүүнлэгийн байгууллагуудад нийт хагас тэрбум төгрөг амжилттай босгох аян өрнүүлж, 5 хүнд амьдрал бэлэглэсэн “Өгөх өдөр сан” илүү олон хүнд хүрч, сайн үйлсийн аян өрнүүлэх боломж бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ