МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хайрхандулаанчууд төв суурингийнхнаас дутахгүй тохитой амьдрах боломжтой боллоо
2021.11.02
Орон нутгийн хөгжил

Хайрхандулаанчууд төв суурингийнхнаас дутахгүй тохитой амьдрах боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах, сумын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл” төсөлд Хайрхандулаан сумыг хамруулах талаар нэлээд хөөцөлдсөний үр дүн гарч 2020 оны улсын төсөвт инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг тусгуулсан билээ.

Өнөөдрөөс яг жилийн өмнө эхэлж байсан энэ төсөл манай Хайрхандулаанд амжилттай хэрэгжиж гүйцэтгэгч “Цагаан зуун” ХХК бүтээн байгуулалтын ажлаа өнгөрсөн бямба гаригт албан ёсоор орон нутагт хүлээлгэн өгсөн юм. Улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тус суманд цэвэр усны 5253 м, бохирын 3060 м бохирын, дулааны 780 м шугам татаж, хоёр усан сан, хоёр гүний худаг, хоёр ус түгээх байр, хоногт 50 шоо метр бохир ус шүүх цэвэрлэх байгууламжийг барьсан байна.

Ингэснээр Хайрхандулаан сумын төвийн иргэдийн амьдрах орчин сайжирч, төрийн болон төсөвт байгууллагууд цэвэр, бохир усны шугамд холбогдож, эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүгд дотроо ариун цэврийн өрөөтэй болж буй юм. Хамгийн их баярлаж байгаа нь дотуур байранд амьдардаг бяцхан жаалууд өвлийн хүйтэнд гадаа гарч бие засах хүндрэлтэй асуудлаас ангижирч байна.

Төслийн хүрээнд байгуулагдсан инженерийн дэд бүтцийг зөв зохистой ашиглахад орон нутгийн удирлага, иргэдтэйгээ хамтран хяналт тавихаас гадна “Онги ус”-ийнхан мэргэжлийн байгууллагын хувьд ашиглалтыг нь хариуцаж ажиллах юм.Цаашдаа сумын төвийн гэр хороолол руу шугам татаж айл өрхийг холбосноор иргэд төв суурин газраас дутахгүй тохь тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх шаардлага байгаа.

Гишүүний зүгээс энэхүү төслийн ажлыг цар тахлын амаргүй нөхцөлд товлосон хугацаанд нь, чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн "Цагаан зуун" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН САЙЖИРЛАА

Хайрхандулаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар олон жилийн өмнө баригдсан, ашиглах боломжгүй болсон хуучин байшинд үйл ажиллагаа явуулдаг байсан цаг ард хоцорч цоо шинэ Нутгийн удирдлагын ордонтой боллоо.


Орон нутгийнхаа 3500 гаруй иргэнд төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлэх үүрэгтэй төрийн албан хаагчдын ажиллах орчин сайжирч, иргэд ч цэвэрхэн тохитой орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн бүтээн бүтээн байгуулалтыг улсын төсвийн 800 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн.

Сумын төвд өнгө нэмэн сүндэрлэх барилгын архитектурын хэв маяг орчин үеийн, өрөө тасалгаануудын зохион байгуулалт сайн, цэлгэр саруулхан болсон байна .

ШИНЭ МЭДЭЭ