НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Р.Дагва: Улаанбаатар хот төсөв шүтэж ирсэн 28 жилийн гунигт амьдралаасаа салах цаг болсон
Р.Дагва Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч
2021.11.02
Орон нутгийн хөгжил

Р.Дагва: Улаанбаатар хот төсөв шүтэж ирсэн 28 жилийн гунигт амьдралаасаа салах цаг болсон

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд орсон нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хүрээнд шинэ өөрчлөлтийг бий болгох зохицуулалтуудын талаар уг хуулийн Ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа.


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж ажилласан. Хуулийн онцлог, шинэ зохицуулалтын талаар яриагаа эхэлье. 

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1994 онд Хотын дарга байсан Ц.Баасанжав хуулийг боловсруулж батлуулсан байдаг. 27 жилийн дараа би хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан, ажлын хэсгийг ахалж ажиллаад хуулиа батлуулсан дараагийн хүн болсон. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь өмнөх хуулиас зарчмын хувьд бүтэн эргэлт хийсэн. Хууль 7 бүлэг 56 зүйл бүхий хууль болсон. Хуулийн нэр томъёо ч бусад засаг захиргааны нэгжтэй адилтгах аргагүй Үндсэн хуульд заагдсаны дагуу нэрлэгдсэн. Хэдийгээр засаг захиргааны нэгж ч гэлээ бусад нэгжээсээ ялгаатай юмаа гэдгийг хуулийн хоёрдугаар бүлгээр зааж өгсөн. Тухайлбал төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэдэг тусгай чиг үүрэг зөвхөн нийслэл хот л хэрэгжүүлдэг. Үүнийг ялгаж өгсөн. Ингэхдээ санхүүжилтийг давхар шийдсэн. 

Нийслэл хотын албан татвар, нийслэлийг хөгжүүлэх сантай байх, хэрхэн зарцуулах, бүрдүүлэх асуудал, Нийслэл хотод хөрөнгө оруулалт хийх талаар ч хуульд нарийн заасан. Мөн бизнес төсөл болж болох тулгамдсан асуудлаа төсвийн мөнгөөр шийдвэрлэхгүй гэсэн зарчмыг уг хуульд тунхаглаж өгсөн. 

Цаашид Улаанбаатар хот төсөв шүтэхгүй, дотоод, гадаадын санхүүгийн зах зээлээс Улаанбаатар хот өөрөө хөрөнгө босгож чаддаг байх, Нийслэлийн өмчийн газар бүртгэлтэй 4,6 ихнаяд төгрөгийн өмч хөрөнгө татвар төлөгчийн мөнгөөр бий болсон ч үхмэл хөрөнгө болж үр ашгаа өгдөггүй хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгөөр баталгаажсан бонд, үнэт цаас гаргах, гэх мэт санаанууд туссан.

Мөн Улаанбаатар хотыг бүсчлэлтэй болгон, татварын тогтолцоог уялдуулах гэх мэт үзэл санаа хуульд тусгагдсан. Улаанбаатар хот Дагуул хоттой байна. Дагуул хот нь Тусгай бүстэй байна гэх мэт.  

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн гол нэг зорилго бол нийслэл хот эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй байх тухай юм. Энэ хүрээнд үнэт цаас гаргах, хөрөнгө оруулалт, нийслэлийн татвар гэх мэт эдийн засгийн агуулгатай ямар өөрчлөлтүүдийг баталсан бэ?

Монгол Улсын Үндсэн хуульд том таван бүлэг зохицуулалт байдгийн нэг нь Орон нутгийн харилцааг Үндсэн хуулийн үзэл санаагаар зохицуулдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад орон нутагт маш ээлтэй байдлаар үзэл санаа нь тусгагдсан. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд шинэ суурь зарчмуудыг тодорхойлж өгсөн. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу шинэ суурь зарчмуудыг тусгасан. Уг хуулийн шинэ зарчмын хүрээнд Улаанбаатар хотод 1,1 ихнаяд төгрөгийн төсвийн орлогыг үлдээх боломж бүрдсэн байх жишээтэй. Түүнчлэн аж ахуй нэгжийн орлогын албан татварын 40%-ийг, Улаанбаатар хотод үлдээхээр болсон. Хотын шууд орлого байсан 3 том татвар болох Үл хөдлөх хөрөнгийг татвар, Газрын төлбөр, ХХОАТ-ын орлогыг дүүргүүдээр дамжуулан төвлөрүүлдэг болсон. Үүний үр дүнд нийслэлийн 9 дүүрэгт 700 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрнө. Энэ мэт дээрх хоёр хуулийн хүрээнд захиргааны болон төсөв санхүүгийн тодорхой эрх мэдлийг Улаанбаатар хотод бий болгож чадсан. 

УЛААНБААТАР ХОТЫН АМЬДРАХ АРГА УХААНЫГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Мөн Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тэврийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2022-2024 онд жил бүр 420-иос доошгүй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж байхаар тогтоол гаргасан. Энэ нь холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудаар дамжуулан дээрх чиглэлээр зарцуулах юм. 

Түгжрэл гэхээр гадаа зам дээр харагдаж байгаа автомашины түгжрэл гэж ойлгодог. Машины тоо нэмэгдсэн, замын хүртээмж муу гэж нүдэнд харагдаж болох түгжрэлийг бий болгоод байгаа маш олон шалтгаант нөхцөл бий. Сургууль, цэцэрлэгийн төвлөрөл, худалдаа үйлчилгээний байгууллагын хотын А бүсэд байрладаг, төрийн захиргааны төв байгууллагууд нь хотын төвдөө төвлөрсөн гэх мэт шалтгаант асуудлууд бий. Нийслэлчүүд өглөө бүр хотын 4 зүгээс нийт иргэдийн 70-80% нь хотын төв рүүгээ чиглэсэн хөдөлгөөн хийдэг. Энэ олон нөхцөлүүдийг шийдвэрлэх зорилгоор дээрх хөрөнгө оруулалтуудыг зарцуулна. Шулуухан хэлэхэд төсөв шүтэж амьдарсан 28 жилийн гунигт амьдралаасаа Улаанбаатар хот салах цаг болсон. 1992 оны шинэ Үндсэн хуулиар Улаанбаатар хот засаг захиргааны нэгжийн хувьд илүү үйл ажиллагаа явуулж, төсвөөс хэт их хамааралтай, Засгийн газар, Сангийн яамнаас хуваарилан өгөхийг хараад сууж байдаг. Түүгээр нь хотынхоо асуудлыг шийдэж, хөгжүүлнэ гэж 28 жил болсон. Өнөөдрийн хотыг төсвийн хуваарилалтаар ирж байгаа санхүүжилтээр өнөөгийн залуусын, нийслэлчүүдийн хүсэж, төсөөлж байгаа хотыг бий болгон хөгжүүлэх боломжгүй юм. Энгийнээр хэлбэл Улаанбаатар хотын амьдрах арга ухааныг шинэчлэх цаг нь болсон. Тэгвэл Улаанбаатар хотын ирэх 30 жилд амьдрах арга ухаан нь ямар байх бэ гэдгийг одоо л тодорхойлох ёстой. Үүний тулд эрх зүйн орчны шинэчлэлийг хийх ёстой гэж сүүлийн таван жил миний дотор бодогдож явсан. Энэ бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл болсон юм. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр уг хуулийн ажлын хэсгийн ахлагчаар намайг томилж, 6 сарын хугацаанд хуулийн шинэчлэлийг боловсруулан өнгөрөгч долдугаар сарын 07-ны өдөр хууль батлагдсан юм.

Улаанбаатар хот үнэт цаас, өмчийнхөө эзэн байх, эдийн засгийн хүчтэй  чадамжтай болох, Нийслэлийн сантай байж, түүнийгээ удирдан зарцуулах гэх мэт төсөв, санхүүгийн боломжууд хуулиар нээгдэж байна. Эдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Энэ хуулийн хүрээнд эдийн засгийн болон захиргааны шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд бодлогын дөрвөн хороо байгуулагдлаа. Уг хороодтой нийслэл бүх шатандаа үйл ажиллагаагаа уялдуулна. Өмнө нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын баримт бичиг гэж боть ботиор нь УИХ, Засгийн газар, Улаанбаатар хот өөрөө ч батлан гаргаж байсан. Тунхаглаад л байсан. Энэ арга барилаас салах ёстой. Төсвийн мөнгөөр өнөөдрийн нийслэл хотод байгаа асуудлуудыг шийдэж, өнөөгийн хотын залуу иргэний хүссэн хотыг байгуулна гэдэг бол хэн удирдаж байхаас үл шалтгаалан шийдэх боломжгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл санаа, суурь зарчмыг баримтлан хотын төсвийг нэмэгдүүлж чадсан. 

2022 оны Нийслэлийн нэгдсэн төсвийг энэ 12 дугаар сард багтаан батлах ёстой. Ингэхдээ 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудынхаа суурь зарчимд нийцүүлэн батална. Тухайлбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40%-ийг хотын төсөвт төвлөрүүлнэ.  

Хуульд нийслэл хот дагуул хоттой байх тухай шинээр заалт орсон байна. Дагуул хотын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн зургадугаар бүлэг буюу НИЙСЛЭЛ ХОТЫН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС гэсэн шинэ бүлэг оруулсан. Энэ бол бидний хэлдэгээр Эдийн засгийн чөлөөт бүс юм. Улаанбаатар хотын дэргэд чөлөөт бүс байгуулах нь хотын эдийн засгийг дэмжих, илүү хүчирхэг эдийн засагтай болсноор улсын макро эдийн засагт эерэг нөлөөтэй болох юм. Учир нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 67%-ийг Улаанбаатар хотод үйлдвэрлэж байна. Мөнгөний бодлогын 85% нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад татварын төлдөг нийт аж ахуйн нэгжийн 74,5% нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Нийт хүн амын 50% нь байнга төвлөрөн амьдран суудаг эдийн засгийн ийм том төв. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын эдийн засгийн талаар маш бага ярьдаг байсан. Би үүнийг нэг төрлийн “Оюутолгой” юм гэж боддог. Бид Өмнөговь аймаг дахь Оюутолгой ордын талаар бүгд ярьдаг. Гэтэл тэр оюутолгойгоос том “Улаанбаатар хотын эдийн засаг” гэх оюутолгой энд байгаа юм. Бид энэ эдийн засгийг хүчтэй болгож байж улсынхаа макро эдийн засагт эерэг дам нөлөө үзүүлэхүйц зорилгыг энэ хуулийн концефциор илэрхийлэх гэж хичээсэн. 

ХӨШИГИЙН ХӨНДИЙД ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ “ШИНЭ ЗУУН МОД” ХЭМЭЭХ ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛНА

УИХ-ын намрын чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэгдэнэ. Уг хуулийн ажлын хэсэгтэй зарчмын хувьд ярилцан, Үндсэн хуулийн үзэл санаагаар улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хоттой байхаар заасан. Үүнд нийцүүлэн Монгол Улсад нийслэл хотоос өөр хот дагуул хоттой байх ёсгүй гэдгийг ойлголцсон. Ямар ч улс, орон нутгийн зэрэглэлтэй хотын дэргэд дагуул хот байхгүй. Зөвхөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот л дагуул хоттой байх бөгөөд үүнийг тусгайлан хуульд заалт болгон оруулсан юм. Бид дагуул хотоо Хөшигийн хөндийн нисэх буудлын ойролцоо байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор хотын нэрийг “Шинэ зуун мод хот” гэж нэрлэж байгаа. Орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэж УИХ-ын тогтоол гарсан. Дагуул хотын захирагч нь Тусгай бүсийн захирагч байна. Захирагчийг Нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө гэж хуульд заасан. Тусгай бүсийг үйл ажиллагааны хувьд мэдээлэл технологи, инновац, аялал жуулчлал, соёл амралт, хүлэмж, агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ, угсралт гэсэн чиглэлээр дагнан, эсхүл хослуулж байгуулж болно. Цаашид энэ төрлийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Харин хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл гэдэгт согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэл хамаарахгүй юм.

Монгол Улс 3 ч чөлөөт бүс байгуулаад тийм ч амжилттай хөгжүүлж чадаагүй байна. Ер нь чөлөөт бүс автозам, агаарын тээвэр, төмөр замын тээврийн сүлжээ бүрдсэн байж гэмээнэ амжилттай хөгждөг. Өнөөдөр энэ сүлжээ нэг дор дайран өнгөрч байгаа ганц газар бол Хөшигийн хөндий юм. Энд олон улсын нисэх буудал байна, Богдхан төмөр замын трасс болон төмөр замтай параллел АН3 гэсэн Евроазийг холбосон хурдны авто замын трасс явж байна. Энэ агуулгаараа эдийн засгийн тусгай бүс байгуулах боломж бий. 

Улаанбаатар хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулна гэдэг эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтой юм. Дөрвөн жилийн өмнө дагуул хот, чөлөөт бүс байгуулах тухай ярихад хүн бүр боломжгүй гэж гайхан хүлээн авдаг байсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаасаа эхлээд УИХ-ын дарга хүртэл дагуул хот байгуулж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд энэ намрын чуулганаар 15 хуульд өөрчлөлт оруулан батлахаар төлөвлөн, ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн тухай хэлж байна. Түүнчлэн УИХ-ын дарга хэлсэн үгэндээ хуулийн шинэчлэл гараандаа гарсан, одоо эдийн засгийн шинэчлэл хийж эхэлнэ гэж таатай үг хэлсэнд би хувьдаа ихэд олзуурхаж байна. 

Улаанбаатар хот нийслэл хотын албан татвартай байх тухай зохицуулалт хуульд орсон. Уг татвар хэрхэн тогтоогдох вэ?

Хуульд Улаанбаатар хот татвартай байна. Ялангуяа тусгай бүсийн хувьд ямар хөнгөлөлт үзүүлэх тухай заасан. Тухайлбал Газрын төлбөр, Үл хөдлөх хөрөнгийн татвар, нийслэл хотын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай оруулсан. Энэ нь хөнгөлөлт болон чөлөөлөлт гэсэн заагтай. Салбар болон үйл ажиллагааныхаа тодорхой нөхцөл хангасан байдлаар үүнийг тогтооно. 

Хуулиар хотын даргын эрх мэдлийг нэмэгдүүллээ гэх шүүмж гарч байсан. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд эрх, үүрэг хэрхэн зохицуулагдсан бэ?

Хотын даргад тодорхой эрх хэмжээг нь нэмэхгүй юм бол дахиад Улаанбаатар хотын өнгөрсөн 30 жилийн гунигт амьдрал үргэлжилнэ. Тухайлбал хотын иргэн та бидний асуудлыг хотын дарга Засгийн газрын хуралдаанд оруулах эрх байдаггүй байсан. Харин тухай асуудлын чиглэл хариуцсан яам, сайд нь танилцуулдаг. Гэтэл тухайн асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүний хувьд өөрөө танилцуулж, холбогдох асуултад нь хариулдаг, нэмэлт мэдээлэл өгч мөн таслах эрхтэй оролцох боломжтой болсон. Энэ бол хотын иргэн та бидний олж авч байгаа эрх юм. Хотын даргаар дамжуулан нийслэлийн асуудлыг та биднийг төлөөлөн хотын дарга Засгийн газарт оруулж, хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ гэсэн үг. 

Хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөнө. Хууль хэрэгжснээр нийслэл хотод ямар дэвшил, өөрчлөлт гарна гэж хүлээж байгаа вэ?

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдахтай зэрэгцээд дагалдах 18 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлагдсан. Цаашид дагалдах 8-9 журам батална. Ер нь бол хуулийг дагалдан гарах эрх зүйн шинэчлэл үргэлжлэн хийгдсээр байгаа. 

Улаанбаатар хотын хөгжлийн үндсийн үндэс бол ажлын байрыг бий болгох юм. Тэгвэл ажлын байрыг хэн бий болгох ёстой вэ? Засгийн газар, Хотын захиргаа биш бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд юм. Тэдний нээлттэй, таатай ажиллах боломжийг төр бий болгож өгөх ёстой юм. 

ХҮН АМЬЖИРГААНЫХАА НААД ЗАХЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДАХ ХЭМЖЭЭНИЙ ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ БОЛСОН ГЭДГЭЭ МЭДСЭН ҮЕДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛДОГ

Хэзээ “Аз жаргалтай Улаанбаатар хот” болох вэ? Түүнд амьдарч байгаа иргэд нь амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахуйц тогтмол орлоготой болсон цагт л Улаанбаатар хот аз жаргалтай иргэнтэй болох юм. Гэтэл өнөөдөр ийм хэмжээний тогтмол орлоготой байж, цалин авч чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Монгол залуус юу ч хамаагүй хийнэ гэж хэлээд БНСУ-руу хөдөлмөр эрхлэхээр яваад байна вэ? Тэнд ажиллаад авч байгаа цалин нь энд авах цалингаас илүү буюу амьжиргаанд нь хүрэлцэхүйц хэмжээний байгаа учраас тийшээ тэмүүлээд байна. Тэгвэл залуусаа бид яаж хангалттай цалинтай байлгах вэ гэхээр эдийн засгийн чөлөөт бүсэд л ийм цалин олгох хэмжээний аж ахуй нэгжүүдийг дэмжих ёстой юм. Тэгэхээр хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь улсынхаа эдийн засгийг дэмжих стартегийн ач холбогдолтой ажил юм.

Амьжиргаагаа хангахуйц тогтмол орлоготой болн хүн мөнгөө өндөг шиг дараад суухгүй, эргээд худалдан ават хийж нийслэл, улсынхаа эдийн засгийн эргэлтэнд оруулна. Энэ хэрээрээ худалдаа, үйлчилгээ эрхлэгчид бизнесээ тэлэх, өргөжих боломж бүрдэх, Улаанбаатар хотын эдийн засаг хүчирхэг болох ач холбогдолтой юм.

Монгол Улс, нийслэл Улаанбаатар хот Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидаа дэмжих гэж байгаа бол дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг урих хэрэгтэй. Би одоо Тусгай бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажилд орсон. Энэ хуулийн төслөөр дээрх боломжийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 

ШИНЭ МЭДЭЭ