МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Дэлгэрсайхан: Хувийн хэвшил төмөр замыг хамгийн бага зардлаар, хурдан хугацаанд барина
2021.10.28
Зам, Тээвэр

Б.Дэлгэрсайхан: Хувийн хэвшил төмөр замыг хамгийн бага зардлаар, хурдан хугацаанд барина

 УИХ-ын чуулганаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцсэн. Учир нь тус баримт бичгийг Засгийн газраа нууцын зэрэглэлтэй өргөн барьсан юм. Төмөр замын бодлогын талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Төр цаашдаа төмөр зам барихгүй. Барих, ашиглах концессын гэрээгээр хувийн хэвшлээр бариулах бодлого барина гэсэн. Төмөр замыг хувийн хэвшлээр бариулах нь хэр оновчтой бодлого вэ?

-Гадаадын улс орнуудад төмөр зам хувийнх ч байдаг, төрийнх ч байдаг. Сүүлийн үед төмөр замыг нэлээд либералчилж байгаа. Ялангуяа, суурь бүтцийг нь улс эзэмшээд дээгүүр явдаг галт тэрэг болон зүтгүүрийг хувийн хэвшил эзэмшээд явдаг зарчим руу Орос ч, Европын орнууд ч шилжсэн.

Монгол Улсын хувьд Төрөөс төмөр замд баримтлах бодлогоо тодорхойлж, эхний ээлжид гурван төмөр зам буюу Хөөт-Бичигт-Чойбалсан, Хангимандал-Зүүнбаян, Арц суурь-Шивээхүрэнг хувийн хэвшлээр бариулах шийдвэр гаргалаа. Энэ олон төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулахгүй бол эдийн засаг хүнд байна. Концесс бол зураг төслөө өөрөө хийнэ, барина, ашиглана, тодорхой хугацааны дараа  төрд үнэгүй шилжүүлнэ гэсэн үг. Түүнээс биш бариад төрд өгчихөж байгаа хэрэг биш. Ийм том төслүүдийг төр хувийн хэвшилтэйгээ хамтарч хэрэгжүүлж байж улс орны эдийн засаг урагштай хөгжинө. Мөн богино хугацаанд барих боломжтой.

-Гурван төмөр замыг хувийн хэвшлээр бариулах шийдвэр гаргасан байна. Хэдий хугацаанд ашиглаад төрд шилжүүлэх вэ?

-Засгийн газраас гаргасан журмын дагуу барьж байгаа компани, Засгийн газар хоорондоо хэлэлцээд хугацаагаа тохироод явна. Мэдээж санхүүжилтээ гаргаад төмөр замаа барьж байгаа хувийн хэвшил эхний ээлжид барьсан өртөг зардлаа олж авах, түүний дараа ашгаа олоод улсад хүлээлгэж өгөх зарчмаар явна. Хувийн хэвшил санхүүгээ өөрөө босгох учраас аль болох хямд төсөр барих давуу талтай.

Хувийн хэвшлээр төмөр зам бариулснаар нэгд, нүүрсээ хурдан, шуурхай саадгүй тээвэрлэх боломж бүрдэнэ. Хоёрт, ковид цар тахал цааш хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Тиймээс хамгийн найдвартай тээвэр бол төмөр зам. Хүний хүчин зүйлээс хамаарал багатай учраас төмөр замын тээвэр зогсдоггүй. Энэ ч утгаараа төмөр замаа аль болох хурдан бариад тээврээ хийх нь хамгийн чухал.

-10-аад жилийн өмнө төр төмөр замаа өөрөө барихгүй хувийн хэвшлээр бариулбал барьцаанд орно гэсэн бодлого барьж байсан. Гэтэл одоо хувийн хэвшлээр бариулах нь зөв гэж байна. Цаашдаа төр, хувийн хэвшлийн хооронд үл ойлголцол үүсвэл яах вэ?

-Төр бол төр. Хувийн хэвшлийнх байна уу, төрийнх байна уу цагаа тулахаар төрийн эрх ашгийн төлөө явна. Төр гэрээгээ цуцлах бүрэн эрхтэй. Гэрээнд ч ийм заалт байна гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь хувийн хэвшил төмөр зам барих нь нэгд, цаг хожих, хоёрт, эдийн засаг хүндэрсэн үед төмөр замаа бариулах нь төрд ашигтай. Хувийн хэвшил төмөр замаа барьсны дараа тээвэр зардал нэмээд, ацаглаад эхэлвэл төр эрхээ хураагаад авч болно. Эрх нь төрд байгаа. Ер нь бол төр дуртай цагтаа буцааж авч болно. Эдийн засаг сайжраад төр мөнгөтэй болчихвол заавал хувийн хэвшилд байгаад байх шаардлагагүй.

-Манай улс сүүлд барьсан хоёр төмөр замаа өргөн царигаар барьчихсан. Гэтэл нүүрсээ экспортлох БНХАУ нарийн царгийн төмөр замтай. Өргөн, нарийн царигаа хаана холбохоо одоо болтол шийдэж чадаагүй байна. Тэгэхээр Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замыг ирэх жил ашиглалтад оруулаад ч тээврээ хийж чадах уу?

-Чадна аа. Манайхан өргөн, нарийн гээд улстөржөөд байдаг тал бий. Замын-Үүд ч гэсэн адилхан. Замын-Үүд рүү нарийн төмөр зам орж ирдэг. Манай өргөн төмөр зам Эрээн рүү гардаг. Ингээд харилцан галт тэрэг солилцдог. Яг үүнтэй адилхан л явна гэсэн үг шүү дээ. Түүнээс биш манайх өргөн, тэднийх нарийн гээд асуудал үүснэ гэсэн юм огт байхгүй.

-Манай улсад нэг км төмөр замыг хэдий хэмжээний өртгөөр барьдаг вэ?

-Олон улсад дунджаар нэг км төмөр замын өртөг 3.2-4.5 сая ам.доллар байдаг. Харин манай улс Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг 1.2 сая ам.долларт барилаа. Энэ хамгийн хямд барьсан жишиг. Дараагийн замууд энэ жишгээр л баригдах байх. Хэрвээ энэ жишгээс өндөр болоод эхэлбэл асуудал үүснэ. Нөгөө талаар хувийн хэвшил хамгийн хямд өртгөөр барихыг хичээнэ. Яагаад гэхээр дараа нь зардлаа аль болох хурдан олж авахын тулд хямд барих ёстой. Төр хувийн хэвшлээр юмаа хийлгэх гэж байгаагийн гол хөшүүрэг нь энэ. Хэрвээ төрийн мөнгөөр баривал хэн ч гэсэн үнэтэй барихыг бодно.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ