2021.11.10
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Дорнод аймгийн Гурванзагал сум шинэ соёлын төвтэй боллоо
Улсын Их хурлын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймгийн Гурванзагал сумын шинэ соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус соёлын төвийг Монгол бахархлын баярын өдөр, мөн Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний цогтой тэмцэгч Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн мэлмий гийсний 150 жилийн ой давхацсан өдөр нээсэн юм.
Ардын баатар Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь
Нээлтийн арга хэмжээний үеэр Х.Болорчулуун гишүүн “Дорнодчууд бид түүхэн ой, тэмдэглэлт баяр давхацсан өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр Гурванзагал суманд баригдсан соёлын төвийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авлаа. 2018 онд Гурванзагал суманд ажиллах үеэр сумын удирдлага, ард иргэдээс 50 гаруй жил болсон сумын соёлын төвөө шинээр бариулъя гэж хүсэлт тавьж, даалгавар өгч байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу Улсын төсөвт 1.5 тэрбум төгрөг тусгуулж, орон нутгийн Цодмм ХХК гүйцэтгэгчээр ажиллан өнөөдөр ашиглалтад оруулснаар суман дахь соёлын бүхий л байгууллага, салбар нэгжүүд нэг дор төвлөрч байна. Босоо вангийн удам Гурванзагалчууддаа халуун баяр хүргэе” хэмээжээ.
Гурванзагал сум шинэ соёлын төв
Түүнчлэн гишүүн тойрогтоо ажиллах үеэрээ ИТХ-ын дарга М.Энхтөр болон аймаг орон нутгийн хөгжилд түүчээ болон ажиллаж буй бизнес эрхлэгчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонслоо. Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид “Бид хамтдаа гэх хамтын хүчин дор ажил хөдөлмөрөө өргөжүүлж, хөгжүүлэхийн төлөө” санал нэгдсэн байна.
Х.Болорчулуун гишүүн бизнес эрхлэгчдийн хамт
Уулзалтын талаар Х.Болорчулуун гишүүн “Аймагтаа хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт хамтран оролцох, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах, аймаг орон нутгийн удирдлага болон гишүүдтэйгээ улам нягт ажиллаж, компани төдийгүй аймгийнхаа хөгжлийн төлөө олон сайхан санал санаачилга гаргасан уулзалт боллоо. Итгэл дагасан үүрэг хариуцлага хүлээсэн гишүүний хувьд өөрөөсөө шалтгаалах бүхнээр туслан дэмжих болно” гэсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2024.04.26