2021.11.11
Эдийн засаг, Худалдаа
С.Чинзориг: Зээлийн хүүгийн татаас дээр анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Төсвийн ерөнхийлөн захирагч нарт өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор арилжааны банкнуудад олгох зээлийн хүүгийн татаасыг 91 тэрбумаар бууруулахаар тусгажээ. Үүнийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 Их наядын хөтөлбөртэй холбоотой санхүүжилт нь зээлийн хүүгийн татаас байсан болов уу гэж ойлгож байна. Засгийн газар 10 их наядаа нэг их наядаар нэмнэ гэж байсан. Зээлийн хүүгийн татаасаа буулгахаар асуудал үүсэхгүй юу?
Хөрөнгө оруулалтын чиглэлээр жижиг зээл олгох байдлаар дэмжинэ гээд Их хурал дэмжсэн. Зээлийн хүүгийн татаасаа буулгахаар асуудал гарч магадгүй. 10 их наядын хөтөлбөр буурч асуудал үүсч магадгүй гэж хараад байна. Боловсролын байгууллагын цалин хөлстэй холбоотой асуудал хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг. Хуультайгаа зөрчилдөх асуудал орж ирж магадгүй, үүнд анхаараарай. Орон нутгийн сургуулиуд санхүүжилт авч чадахгүй байдалд хүрэх вий дээ гэсэн болгоомжлол байна. Байнгын хороо нягталж хараарай.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа.