2021.11.12
Улстөр
Х.Болорчулуун: Хуулийн төслийг гүйцээн боловсруулах шаардлагатай байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.12\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
"Бид чухал хууль хэлэлцэж байна. Монгол Улс социализмын үед Үндсэн хуулиас салбарласан 60-70 хуультай байсан. Өнөөдөр ардчиллын 30 жилд 700 шахам хууль гарсан. Хуулийн хэрэгжилт нь хангалтгүй байна. Иргэд ч шүүмжилдэг. Харин 2019 оны 11 сарын 14-д батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ Засгийн газрын томилгоонд оролцохгүй байх, төсөв хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй байх зэрэг өөрийн эрхээсээ татгалзсан. гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хамгийн чухал нь УИХ шиг байх зүйл заалтыг оруулсан явдал нь УИХА-ын хяналт шалгалтын хууль юм. Энэ бол бүх л парламентад байдаг.
Бид хууль үйлдвэрлээд орхих бус хуулийг хэрэгжүүлэх механизмыг цогцоор нь бий болгох ёстой. Энэ хууль гарснаар УИХ-ын үйл ажиллагаанд их өөрчлөлт орно гэж бодож байна. Надад 2 санал байна.
1. УИХ-аас томилдог, зөвшилцдөг, танилцдаг албан тушаалд нэр дэвшигч бүрээр сонсголыг ямар үе шатаар яаж сонгох тухай 10 хуудас дэлгэрэнгүй заасан байсан. Гэтэл АХ, байнгын хорооны саналаар энэ зохицуулалтын дийлэнх нь хасагдсан байна. Тиймээс нэр дэвшигчийн сонсгол явуулах журмыг боловсруулж 2-р хэлэлцүүлэгт оруулах чиглэлийг АХ-т УИХ-ын дарга өгмөөр байна.
2. УИХ-ын хяналт шалгалтын хуулийн 69-р зүйлд парламентыг үл хүндэтгэсэн үйлдэлд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гэтэл дагаж гарах Зөрчлийн хуульд хэрхэн хариуцлага хүлээлгэх тухай тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсголын дэг журам зөрчих, дуудсанаар хүрэлцэн ирэхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, нотлох баримт ирүүлэхгүй байх зэрэг үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр тусгасан ч УИХ-ын байнгын хороо, дэд хороо ийм үйлдэл гаргавал хариуцлага хүлээлгэх зохицуулалт төсөлд тусгагдаагүй байна.
Тиймээс энэ төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг АХ-т өгөх шаардлагатай байна."
Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт хариуллаа.