2021.11.18
Хууль, эрх зүй
С.Чинзориг: ШЕЗ-ийн бие даасан, хараат бус байдлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлын хэлэлцүүлгийг хийж байна.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг шалгаруулахдаа яагаад заавал тулгаж, 5 хүнийг сонгосон юм бэ. УИХ-ын гишүүдэд сонголт үлдээж, 7 хүн сонгон шалгаруулж болоогүй юм уу?
Сонгогдсон 5 эмэгтэй гишүүний анкетийг харлаа. Хууль, эрх зүйн дээд боловсролтой хүмүүс учраас та бүхнийг шударга сайн ажиллана гэдэгт итгэж байна.
Миний хувьд хэлэх хэдэн санал байна.
Олон жил жендерийн тэгш байдлын тухай ярьж, улс төрийн өндөр албан тушаалд эмэгтэйчүүд ажиллах боломжийн талаар дуугарч байсны үр дүн гарчээ гэж харж байна. Та бүхэн энэ итгэлийг зүтгэлээр хариулах хэрэгтэй.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ шүүгч бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулж байгаа. Гол нь ШЕЗ-ийн бие даасан, хараат бус байдлыг дээшлүүлэх зарчмыг хатуу баримталж, ажиллаарай гэж хүсмээр байна.
Түүний асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.