Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлэг боллоо
2021.11.24
Эдийн засаг, Худалдаа

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.23/ хуралдаан 14 цаг 17 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 03, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүнээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Ц.Цэрэнпунцаг нар ажилласан гэдгийг тодотгоод Ажлын хэсэг нийт 3 удаа хуралдсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.24-т заасны дагуу төслүүдийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт нэгтгэн нэг төсөл болгосон гэв.

Мөн Ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 25 саналын томьёоллоор санал хураалт явуулж, Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэж байлаа.

Энэ төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлахад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 10 саналаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг санал хурааж, төсөлд тусгуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.

Дээрх хуулиуд батлагдсантай холбогдуулан Ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдтэй холбогдуулан төслөөс зарим зүйл, заалтыг хасаж, хууль тогтоомжийн нийцлийг хангаж ажилласан.Ажлын хэсэг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 51 хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нийт зарчмын зөрүүтэй 18 саналын томьёолол, хоёр найруулгын санал бэлтгэсэн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, нэгтгэсэн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу “7.5.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөл батална” гэснийг хасах, мөн төслийн 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 9.4.3 дахь заалт, 6 дугаар зүйлийг тус тус хасах Ажлын хэсгийн саналыг хурадаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ