Г.Амартүвшин: Банк олон нийтэд нээлттэй болсноор санхүүгийн салбар жигд хөгжинө
2021.12.01
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Банк олон нийтэд нээлттэй болсноор санхүүгийн салбар жигд хөгжинө

Өнөөдөр Монгол Улсын Банк санхүү, эдийн засгийн салбарт түүхэн өдөр тохиож байна. Энэ оны Нэгдүгээр сард батлагдсан “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль"-н хүрээнд Богд Банк олон нийтэд хувьцаагаа нээлттэй болгож, IPO хийлээ.

Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Богд Банкны удирдлага оролцлоо.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу банкнууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж буй уг өөрчлөлт нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг дараагийн түвшинд гаргах юм.

Арилжааны Банкнууд хувьцаат компани болсноор үйл ажиллагаагаа илүү сайжруулах шаардлагатай нүүр тулж, улмаар банк хоорондын өрсөлдөөн ширүүсэж, үр дүнд нь эцсийн үйлчлүүлэгч иргэд, ААН-ийн зээлийн хүү аажмаар буурах эерэг нөлөөг МУ-ын эдийн засгийн салбарт үзүүлэх боломж бүрдэх юм.

Хууль батлагдах нь чухал хэдий ч хуулийн хэрэгжилт хууль батлагдахаас илүү чухал ач холбогдолтой байдаг. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгож хувьцаат компани болох ажлыг эхлүүлж байгаа Богд Банкны хамт олонд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ажлын амжилт хүссэн юм. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Банкнууд хувьцаат компани болсноор банканд хадгалагддаг мөнгө хөрөнгийн зах зээлийн эргэлтэд орж санхүүгийн зах зээл томорч, хөгжинө. Хөрөнгийн зах зээлд эрэлттэй, шинэ төрлийн үнэт цаас бий болно гэсэн үг юм.

Иргэд өмнө нь зөвхөн хадгаламж хэлбэрээр банканд мөнгөө байршуулдаг байсан бол одоо хувьцаа авч, банкны салбарын үр ашгаас хүртэх боломж нээгдэж байгаа нь энэхүү өөрчлөлтийн хамгийн гол давуу тал билээ.

ШИНЭ МЭДЭЭ