Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо
2021.12.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

Монгол ардын намын 30 дугаар Их хурлын төлөөлөгчдийн 99.7 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо.

МАН-ын даргаар сонгосны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, “Нэр дэвшүүлсэн эрхэм журмын нөхөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон итгэл хүлээлгэж, улс төрийн ууган хүчин МАН-ын даргаар сонгосон 30 дахь удаагийн Их хурлын төлөөлөгчид та бүхэнд баярлалаа.

МАН өнгөрсөн зуунд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулж чадсан шигээ, шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бататган бэхжүүлэхийн хичээнгүйлэн зүтгэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнолын зууныг эхлүүлэх, зургаан сэргэлт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж улс төрийн шийдвэр гаргасанд, намын дэвшилтэт шинэчлэлийн багц зорилтыг дэмжиж тогтоол баталсанд эрхэм төлөөлөгчид та бүхэндээ талархаж байна.

Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм. Залуучуудаа хичнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм.

Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно. Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн төлөө цаг мөч бүхэнтэй уралдаж, шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж, ирэх хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ