МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймгийн багш нар Төрийн ордонд зочлов
2021.11.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Өвөрхангай аймгийн багш нар Төрийн ордонд зочлов

Төрийн ордонд зочилсон Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн ЕБС-ийн багш нарыг тус аймгаас Их хуралд сонгогдсон УИХ-ын гишүүд болох С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нар хүлээж авч уулзлаа. Уулзалтаар орон нутгийн сургуулийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар ярилцсан юм.

Жаргалант багийн ЕБС-ийн багш нар БШУЯ-наас хэрэгжүүлж буй Чанарын үнэлгээний төслийн шугамаар нийслэлийн 20-р сургуулиар орж, бага боловсролын сургалтын үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага судлахаар ирсэн аж.

Жаргалант баг 12 жилийн сургуультай. Тус сургууль 367 сурагч, 27 багш, 25 ажилтан ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж, хөдөөгийн хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Жил ирэх тусам хүүхдийн тоо нэмэгдэж, 240 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрандаа хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон тул улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 120 хүүхдийн суудалтай шинэ өргөтгөл барьж буй.Барилгын ажил 20 хувьтай яваа бөгөөд ирэх онд ашиглалтад хүлээж авах тул шинэ байранд хэрэгцээтэй сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмжийн асуудлыг бид аймаг орон нутаг, холбогдох яамдтай хамтраад шийдэхээр ажиллаж байгаагаа гишүүд онцолж байлаа.

Жаргалант баг аймгаас 120 км, сумын төвөөс 60 км зайтай тул багш сурагчид олимпиад, уралдаан тэмцээнд оролцоход унааны бэрхшээл байнга тохиолддог учраас хүүхдүүдийг аюулгүй авч явах сургуулийн машины асуудлыг шийдэх хүсэлтийг иргэд тавьдаг байна. Тойргийн сургуулиудыг сургалтын үйл ажиллагааг чанартай өгөөжтэй явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, сурагчдын сурах орчныг сайжруулах ажлын хүрээнд Жаргалантын сургуулийг машинтай болгох асуудлыг шийдэхээр болжээ.

ШИНЭ МЭДЭЭ