УИХ-ын гишүүн Ц.Туваанаар ахлуулсан Ажлын хэсэг гурил, тэжээлийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцлаа
2021.12.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

УИХ-ын гишүүн Ц.Туваанаар ахлуулсан Ажлын хэсэг гурил, тэжээлийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-ны өдөр гаргасан.

Ц.Туваан гишүүнээр ахлуулсан уг ажлын хэсэг /2021.12.13/ “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК-ийн гурилын үйлдвэрүүдийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцав.

Ш.Оюун

“Гурилын үйлдвэрүүд урд жилийн улаан буудай болон гурилын агуулахын үлдэгдэл их байсан. Тэр хэмжээгээрээ тариаланчдаас улаан буудай авах нь багассан. Мөн энэ жил улаан буудайн гарц их ч чанарын хувьд сайнгүй байна. Гурилын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж, экспортод бүтээгдэхүүнээ гаргахад анхаарах нь чухал. Ингэж чадвал үйлдвэрүүд орлого нэмэгдэж чанартай улаан буудайг өндөр үнээр худалдан авдаг болно. Үүнийгээ дагаад тариаланчид тариа будааныхаа чанарт анхаарч ажилладаг болно” хэмээн “Милл хаус” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Ш.Оюун ярилаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан “Энэ жил цаг агаар тогтуун, бороо хур арвин байсан нь улаан буудайн чанарт сөргөөр нөлөөлсөн. Улаан буудайн цавуулаг бага, чийглэг ихтэй байгааг гурил үйлдвэрлэгчид ярьж байна. Засгийн газраас улаан буудай худалдан авахад зориулан 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Гурил үйлдвэрлэгчид энэ зээлийг авч тариалан эрхлэгчдэд төлбөрөө өгөхөөр ажиллаж байгаагаа ярилаа. Улаан буудайн чанар муу, нөөц их байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх, борлуулалтын урсгалыг хааш нь чиглүүлэх үү гэдэг асуудал үүссэн. Илүүдэл улаан буудайг тэжээл болгон хадгалах, барьцалдуулагч хийх зэрэг хэд хэдэн гарцын талаар гурил үйлдвэрлэгчидтэй ярилцлаа. Эдгээр асуудлыг ажлын хэсгийнхэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулна” хэмээв.

Дараа нь ажлын хэсгийнхэн Түмэн шувуут ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тус үйлдвэр нь өдөрт 100 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Тахиа болон мал амьтдын тэжээлийг үйлдвэрлэдэг. Тэжээлийн үндсэн түүхий эд болох улаан буудай, арвай, хивэг, халгай, өвсний гурил, рапсын шахдас, ургамлын тос, хужир, шүү, давс зэргээ дотоодоосоо мөн эрдэнэ шиш, шар буурцаг, үл орлогдох амин хүчлүүд, витамины бэлдмэлийг импортлон авч өсвөр шувуу, өндөглөгч тахианы 5 нэр төрлийн тэжээл, 6 нэр төрлийн малын тэжээл үйлдвэрлэж зах зээлд амжилттай нэвтрүүлсэн байна.

“Бид малын тэжээлээр дамжуулан мал аж ахуй болон газар тариалангийн уялдаа холбоог сайжруулах үүднээс газар тариалан эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин тэжээлийн гол түүхий эд болох улаан буудайг худалдан авч хамтран ажиллаж байна” хэмээн “Агро фийд” үйлдвэрийн дарга Б.Барс ажлын хэсгийнхэнд танилцуулав.

ШИНЭ МЭДЭЭ