Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдаж таван асуудал хэлэлцлээ
2021.12.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдаж таван асуудал хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны өнөөдрийн хуралдаан (2021.12.15) 15 цаг 45 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Түр хорооны дарга нь Э.Бат-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Нийслэлийн тулгамдаж буй зарим асуудлын талаарх олон нийтийн судалгааны тайлантай танилцаж, мэдээлэл сонсов.

Энэ талаар SICA ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, судалгааны гол зорилго нь Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр арга хэмжээний талаарх иргэдийн сэтгэл ханамж болон эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн ямар асуудалд сэтгэл дундуур байгааг тодруулахад чиглэсэн гэдгийг онцолж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Үргэлжлүүлэн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх танилцуулгыг сонссон. Хуралдаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийн талаар Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын (хуучнаар) мэргэжилтнүүд хийж байсан. Үүнээс хойш нийтдээ 6 удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж байсныг онцлоод Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг УИХ 2013 оны 13 дугаар тогтоолоор баталж, үүнийг өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байна гэв.

Мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2017 оноос эхлэн 2040 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөг Улаанбаатар бүс, хот орчмын суурь судалгаа, үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөө гэсэн гурван үе шаттайгаар боловсруулж байгааг дурдав.

2040 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичигтэй уялдуулсан гэдгийг төслүүдийн удирдагч мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн 9 дүүргийн 172 хороо, Монгол Улсын Засгийн газрын 14 яам, тэдгээрийн харьяа агентлагуудаас судалгаа мэдээлэл авч, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, С.Бямбацогт, П.Анужин, Г.Амартүвшин, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Үг хэлсэн гишүүдийн олонх Түр хорооны зүгээс нийслэлийг хөгжүүлэх, иргэдийг аюулгүй, амар тайван орчинд амьдруулах эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн гишүүдийн зүгээс газар чөлөөлөлттэй холбоотой асуудалд ирэх онд хэдэн төгрөг төсөвлөсөн болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд бонд гаргах нөхцөл бүрдүүлснийг хэрхэн үр дүнтэй ашиглахаар төлөвлөсөн эсэхийг илүүтэй лавлаж байлаа. Мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг хийж, дүн шинжилгээ хийснийг тодруулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хариултдаа, нийслэл хотын өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг жилийн дотор шийдэх боломжгүйг онцлоод Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд концесс, бондын эрх, санхүү босгох, нийслэл өөрийгөө хөгжүүлэх сан байгуулах нөхцөл боломжийг гаргаж өгсөнд Улсын Их Хурал, гишүүдэд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, бондын эх үүсвэрийн талаар Сангийн яам, Монголбанктай яриа, хэлэлцээр хийж байгааг хариултдаа тодотгосон.

Харин Ажлын хэсгээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жил нийтдээ 15-20 тэрбум төгрөгийг газар чөлөөлөлтөд төсөвлөсөн гэсэн нэмэлт тайлбарыг өгөхийн зэрэгцээ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт 29,6 хувьтай байгаа. Үүнд дүн шинжилгээ, мониторинг хийхэд ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тогтолцоо бүрдээгүй, ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг хоцорч батлагдсан, салбарын мастер төлөвлөгөө бүрэн боловсруулагдаагүй, ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг хийх тогтолцоо бүрдээгүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг зэрэг олон асуудалтай холбоотой байсан гэж байлаа.


Дараа нь Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн талаар Нийслэлийн Зам, тээврийн төслүүдийг хариуцсан удирдагч Б.Одсүрэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулагдсан. Үндэсний хороо хоёр удаа хуралдаж, томоохон хэмжээний судалгаа хийж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах иж бүрэн төлөвлөгөө гаргасныг дурдав. Уг судалгаагаар Монгол Улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөний явцын үр дүнгээр тооцоход 2040 он гэхэд 4 хот үлдэхээр болсныг дурдаад нийслэлд 2020 оны байдлаар 31708 иргэн албан ёсоор шилжиж ирснийг онцлов. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн амын дундаж цэвэр өсөлт 41.364 хүрч, жилдээ 80 мянгаар нэмэгдэж байна. Үүнд түр оршин суугчдыг хамруулаагүй бөгөөд ойрын 10 жилд энэ байдал үргэлжилбэл нийслэлийн хүн амын тоо 2,5 саяд хүрэх хүндрэлтэй нөхцөл байдал бий болно гэдгийг дурдсан.

Улаанбаатар хотын төвлөрлийн 96 хувь нь их дээд сургуулийн төвлөрөл, худалдаа үйлдвэр, үйлчилгээ 81 хувь эзэлж байгааг тодотгоод орон нутгаас нийслэлд шилжин ирж байгаагийн гол шалтгаан нь ажилтай болж, орлогоо нэмэгдүүлэх, дээд боловсрол эзэмшихтэй холбоотойг онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн асуултад Нийслэлийн Зам, тээврийн төслүүдийг хариуцсан удирдагч Б.Одсүрэн хариулахдаа, түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийг шатахуун, цаг хугацаа, агаарын бохирдлын зардал, нөөцийн үр ашиггүй хуваарилалт болон бусад эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, ажлын бүтээмж буурах зэрэг асуудалтай холбон тооцож үздгийг тодотгоод зөвхөн 2020 оны байдлаар гэхэд 2.7 их наяд төгрөг буюу 1.0 тэрбум ам.долларын өртөгтэй боломжийг алдсан байна гэсэн тооцоо судалгаа гарсан гэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар иргэдтэй хэрхэн ойлголцох вэ гэдэг чухал асуудал зайлшгүй хөндөгдөж байгааг анхааруулаад авто замын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх бодлогоо иргэддээ мэдээллэх ойлгуулах, мэдээлэл солилцох шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар түгжрэлээс алдсан боломжийг нийт тоон дүнгээр гаргаад орхих бус цаашдаа хүн амынхаа тоонд нийт мөнгөн дүнг хувааж, нэг хүн хэдэн төгрөгийн алдагдал хүлээж байгаа талаар нь тодорхой мэдээллэх шаардлагатай гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах асуудалд татварын бодлогоор буюу бүсийн төв, аймгийн төвд үйл ажиллагаа явуулбал 50, сум дундын төв, суманд үйл ажиллагаа явуулбал ААНОАТ-аас 90 хувиар хөнгөлөх, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын болон дотоодын НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх, орон нутагт ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг хүн амын орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг 3-аас доошгүй жил чөлөөлөх зэрэг асуудлуудыг танилцуулгад тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Хуралдаан Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх танилцуулгаар үргэлжилсэн. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг танилцуулсан.

Уг мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар асуулт асууж, санал хэлсний дараа хэлэлцсэн асуудал, мэдээлэл танилцуулгатай холбогдуулан Түр хорооноос Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн 61,5 хувь нь Ажлын хэсэг байгуулахыг дэмжсэн бөгөөд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин ахлахаар боллоо

ШИНЭ МЭДЭЭ