Ц.Туваан: Нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг үр хүүхдээр нь төлүүлдэг шударга бус байдлыг засна
2021.12.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Туваан: Нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг үр хүүхдээр нь төлүүлдэг шударга бус байдлыг засна

УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх юм байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг.

УИХ-ын гишүүн Ц.Туваан дээрх хуулийн төслийг санаачлан боловсруулж, олон нийтээс санал авч байгаа юм байна. Тэрээр “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чадахгүй насан эцэслэж байна. ​Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ханш эрс нэмэгдэж байна. Тиймээс ихэнх өндөр настнууд тэтгэврийн зээл авч амьжиргаагаа залгуулж байна. ​2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441201 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 277527 орчим нь 50000 төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500000 төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа. Энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдүйнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна. Тэтгэвэр авагч иргэн бол төрөөс зүгээр сууж байгаад халамж нэхэж, төсөвт хүндрэл учруулж байгаа иргэн биш. Тэд ажиллаж хөдөлмөрлөж тодорхой хугацаанд ирээдүйд эдийн засгийн баталгаатай амьдрах үүднээс Нийгмийн даатгалын шимтгэлээ тухайн цаг үеийнхээ мөнгөний ханшаар төлсөн иргэн. Тэгэхээр өөрийн бий болгосон хуримтлалаа ирээдүйд авахдаа амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадахгүй, тэднийг ядууралд түлхэж тэтгэврийн зээл авахад хүргэж байна гэж дүгнэж байна. ​Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авахдаа зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатайг илэрхийлж байна.

​Тэтгэврийн зээл аваад төлж чадаагүй нас барсан иргэд бол хөдөлмөр эрхэлж, олсон орлогоосоо НДШ-ээ төлсөн буюу тэтгэвэр тогтоолгоод сайхан амьдрах алхмаа хийж, үүргээ биелүүлсэн хүмүүс. Гэтэл нас барсан ахмад настны тэтгэврийн зээлийн өрийг ар гэрийнхэн нь төлөх үүрэг хүлээж байгаа нь буруу” хэмээн хуулийн төслөө танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ