МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТББХ: УИХ-ын 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв
2021.12.22
Хууль, эрх зүй

ТББХ: УИХ-ын 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2021.12.22) хуралдаан 11 цагт эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хууль, тогтоолын төслүүдийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг хийв. Тэрбээр танилцуулгадаа, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахад “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлд холбогдох зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбоотойгоор шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” чиглэл өгөх санал дэмжигдсэнтэй холбогдуулан Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоол, 2020 оны 42 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслүүдийг тус тус боловсруулан гэдгийг онцолсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах дэгийг оруулсан байна.

-төсвийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбоотой дэгийг өөрчлөн найруулсан. Тодруулбал, тухайн жилийн төсвийн төсөл Үндсэн хууль, Төсвийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй талаарх төрийн аудитын үндэслэл бүхий дүгнэлт гарсан бол түүнийг хэлэлцэн төсвийн төсөл хуульд заасан шаардлага хангасан талаарх санал хураалт явуулахаар өөрчиллөө;

-төсвийн төслөөр сонсгол явуулахаар бол сонсголыг төсвийн төслийн цаглаварт нийцүүлэн зохион байгуулахаар;

-албан тушаалтныг томилох, зөвшилцөхтэй холбоотой санал хураалтыг нууцаар явуулахаар;

-тайлан, илтгэл, мэдээлэл болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн тайланг хэлэлцэх дэгийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуультай холбогдуулан өөрчлөхөөр тусгасан гэдгийг танилцуулгад дурдсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан нийтийн сонсгол зохион байгуулах журамд, нийтийн сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх, сонсгол зохион байгуулах харьяалал, сонсголыг цахимаар явуулах, сонсголын тайлан, тэмдэглэлтэй холбоотой дэгийг нэмж оруулах, сонсголын бэлтгэл хангах, даргалагчийг сонгох, сонсгол зохион байгуулах журмыг өөрчлөн найруулсан гэдгийг Ё.Баатарбилэг гишүүн танилцуулгадаа тодотгов. Мөн тус бүлэгт “Нэр дэвшигчийн сонсгол” гэсэн нэгдүгээр дэд бүлгийг шинээр нэмж, тус дэд бүлэгт нэр дэвшигчийг санал болгох, нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, зарлах, нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл хангах, сонсгол явуулах, нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргахтай холбоотой зохицуулалтыг нэмж тусгасан гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэхэд саналтай гишүүн байсангүй.

Иймд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоол, 2020 оны 42 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцсэн. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлд холбогдох зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбоотойгоор шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” чиглэл өгөх санал дэмжигдсэнтэй холбогдуулан уг тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.

Тогтоолын төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн дээрх хоёр тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд таницуулахаар болов.

Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо

Дараа нь “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.

Хуралдаанд холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцсон.

Тогтоолын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмуудын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах журам, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батлахаар тус тус заасан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эдгээр журмын төслийг иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан саналыг тусган Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагын дагуу эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдааны журмын дагуу яамдаас санал авч байна. Саналыг нэгтгэн Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна гэв.

Мөн Хотын албан татварын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээний хүрээнд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаар захирамжаар өгсөн үүргийн дагуу Сангийн яамнаас уг хуулийн төслийг үзэл баримтлал, танилцуулга болон холбогдох бусад баримтын хамт боловсруулж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангуулан эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангаж байна гэж байлаа.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 53 дугаар захирамжийн дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох төслийг боловсруулах ажлыг яамдын түвшинд тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг, Засгийн газрын түвшинд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан Ажлын хэсэг уг ажлыг нэгтгэж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох ажлыг зохион байгуулан ажиллаж байгааг У.Бямбасүрэн дарга танилцуулгадаа онцлохын зэрэгцээ уг ажлын хүрээнд, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад дүн шинжилгээ хийж, илэрсэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, нэр томьёог жигдлэх хүрээнд 154 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хамтран баталсан гэдгийг тодотгосон.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эдгээр хуулийн төслүүдэд яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Хурлын байгууллага, Засаг даргаас санал авах ажлыг төв, орон нутгийн хэмжээнд нийт 2 удаа зохион байгуулж, хуулийн төслүүдийг эцэслэн хянаж, Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг нийцүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хотын албан татварын тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд батлагдсаны дараа тэдгээрт нийцүүлэн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаараа дурдсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай, Татварын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тайлбарлан таниулах, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, даган гарах дүрэм, журмын төслийг танилцуулах, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан мөрдүүлэх дүрэм, журмын төслүүдийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албанд тайлбарлан таниулах, санал авах, тал бүрээс нь урьдчилан хэлэлцэж, харилцан ярилцах, хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг цахим болон танхимаар орон нутаг, нийслэлийн хэмжээнд зургаан удаа зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээнд аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын зэрэг давхардсан тоогоор танхимаар 224, цахимаар 600 гаруй албан хаагчид хамрагдсан гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга мэдээлэлдээ онцлов.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн бусад арга хэмжээний хүрээнд Засгийн газраас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж, дагалдах бусад хууль тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Засгийн газраас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тухайн шатны Хурал батлахаар заасан “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”, “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм”, “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорооны үйл ажиллагааны журам”, “Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих тухай журам”-ын төслүүдийг үлгэрчилсэн байдлаар боловсруулан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус хүргүүлж ажиллалаа.

Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тус тус шинэчлэн баталж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтоосон болно.

Мөн дээрх хуульд Засгийн газраас батлан мөрдүүлэхээр заасан “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам”, “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрэм” -ийн төслийг тус тус “өнөөдрийн” Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоолоо гэж У.Бямбасүрэн мэдээлэлдээ онцолсон.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Ж.Батсуурь нарын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан дагалдан гарах журмын төслүүд хэзээ эцэслэнбатлагдаж, бэлэн болох эсэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журамд төлөөлөгчийг ямар нөхцөлд эргүүлэн татахаар тусгасныг илүүтэй тодруулж байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хариултдаа, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан гарах зарим журмын төслүүд он дамнаад батлагдах нөхцөл байдалтай байгааг онцлоод Засгийн газраас батлах хоёр журам өнөөдөр батлагдаж байгаа. Харин Улсын Их Хурлаар батлуулах гурван журмын төслийг Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад холбогдох шаардлагыг хангасны дараа өргөн барихаар ажиллаж байна гэж байлаа. Мөн тэрбээр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, улстөржилтийг дэвэргэсэн байдал гаргахгүй байх нөхцөлийг тооцон ажиллаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндсэн шаардлагуудыг журамд тусгасан гэж байлаа.

Харин Ажлын хэсгийн зүгээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах зохицуулалтыг холбогдох хуулийн 42.2-т заасан байгаа. Төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар төлөөлөгчийг эргүүлэн татна. Өөрөөр хэлбэл, 50+1 гэсэн хувилбараар эргүүлэн татах асуудал хөндөгдөж эхэлнэ. Харин эргүүлэн татахтай холбоотой журмыг Улсын Их Хурлаар батлуулахаар Засгийн газраас холбогдох төслийг боловсруулан ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын 45 дугаар тогтоол хэрэгжээгүй байгааг тодотгоод Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт гурван удаа тогтоолын хэрэгжилтийг хангуулах шаардлагатай талаар албан бичиг хүргүүлсэн. Өнөөдөр эцэслэн батлагдаагүй байгаа журмын төслүүд ирэх оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлж амжих уу. Иймд холбогдох журмын төслүүдийг Засгийн газраас Улсын Их Хуралд яаралтай өргөн барих шаардлагатайг хатуу анхаарууллаа.

Хуралдаан Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахалж, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолын төсөлд “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам батлах тухай” Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 3.1 дэх хэсгийн “15-аас” гэснийг “долоогоос” гэж өөрчлөхөөр тусгасан байв

ШИНЭ МЭДЭЭ