МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.23
Зам, Тээвэр

Х.Булгантуяа: Улаанбаатар хот хичнээн төгрөгийн зээллэгтэй байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Уг санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.         

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: УИХ, Засгийн газар хамтран нэлээдгүй төсөл санхүүжилтээр 2022 оноос Улсын төсвөөс 420, одоо 100 сая доллар орж ирэх юм байна. Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын даргаас асууя.

Улаанбаатар хотод ямар ямар чиглэлийн, хичнээн янзын зээл тусламжийн төслүүд хэрэгжиж байгаа вэ? Хэрэгжилт, явц ямархуу байгаа вэ?

Сангийн сайдаас энэ бол эргэж буцан төлөгдөх нөхцөлтэй зээл байгаа. Дамжуулан зээллэгийг Улаанбаатар хотод хичнээн төгрөгийн зээллэг байгаа вэ, эргэлт төлөлт хэр явагдаж байгаа вэ? Өмнөх зээл тусламжуудын эргэл төлөлт удаашралтай байсан. Дамжуулан зээллэг гээд Монгол Улсын Засгийн газрын зээлийн хэмжээ нэмэгдээд байдаг.

Цаашаа төрийн өмчит компани, аж ахуйн нэгж, нийслэл рүү, Улаанбаатар хот руу гэж зээлчихээд эргэн төлөлт нь цагтаа хийгддэггүй ийм нөхцөл байдал бас байдаг. Энэ нь манай өрийн хэмжээг нэмэхэд бас нөлөөлдөг. Авах болохоороо асуудалгүй ээ бид төлчихнө гэдэг. Яг төлөх болохоороо чадахаа байчихлаа, тооцоо судалгаа буруу, эсвэл дутуу байсан байна гэдэг ч юмуу гэсэн байдлаар эргэн төлөгддөггүй.

Энэ баригдах баахан зам нь төлбөртэй зам болж эргэн төлөгдөх юмуу? Эсвэл Улаанбаатар хот өөрөө өөрийнхөө орлогоос үүнийгээ эргэн төлнө гэж хариуцаж авч хийж байгаа юмуу? Хорь гаруй жилийн дараа эргэн төлөлт нь явагдах юм байна лээ. Үүнд тодруулга авах гэсэн юм.

Х.Булгантуяа гишүүний тодруулгад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ