НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг хэрэгжүүлэх талаар Засаг даргад үүрэг өглөө
2021.12.30
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг хэрэгжүүлэх талаар Засаг даргад үүрэг өглөө

Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх UBIKE төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд Улаанбаатар хотын Захирагч болон “Никель Ганба” ХХК хооронд гэрээ байгуулсан.

Гэвч тус компанийн зүгээс гэрээний нөхцөлийг мөрдөн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлжээ. Гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулахаас гадна мөн гэрээнд заасан бусад нөхцөлийг хамтран хэрэгжүүлэх талаар хүсэлтэд тусгасан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ эрхлэх нь авто замын түгжрэлийг багасгах, агаар хөрсний бохирдлыг бууруулахад эерэгээр нөлөөлөх тул тухайн асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг энэ оны есдүгээр сард байгуулсан юм. “Никель Ганба” ХХК-ийн зүгээс гэрээний 4.1 дэх заалт буюу унадаг дугуйн түрээсийн төлбөрийн хэмжээг тодорхой мөнгөн дүнгээр нь тусгасан ба зөвхөн төсөл санаачлагч буюу Улаанбаатар хотын Захирагчаас зөвшөөрөл авсны үндсэн дээрээс төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж болох заалтыг өөрчлөх хүсэлтэй байгаа аж. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагааны зардал нь түрээсийн төлбөрөөс илүү гарч, алдагдалтай ажиллах болсон байна. Иймд түрээсийн төлбөрөө төсөл хэрэгжүүлэгч өөрөө тогтоох эрхийг гэрээнд тусгах эсвэл алдагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн төсвөөс татаас авах талаар хүсэлтдээ дурджээ. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, Маршалын гүүрний дугуйн зам, Зайсангийн гүүрний дугуйн зам, Өглөөний гудамж зэрэг 5 байршил тус бүрд 400 м/кв талбай бүхий унадаг дугуйн зогсоол, дугуйн зам дагуух 80 байршилд 16 м/кв талбай бүхий дугуй түрээсийн цэг байршуулах зөвшөөрлийг шат дараатай олгохыг хүсчээ.

Түүнээс гадна өмнө нь байгуулсан болон цаашид шинээр байгуулах унадаг дугуйн зогсоолуудад өөрийн хөрөнгөөр зар сурталчилгааны самбар байршуулах зөшөөрөл авах мөн боломжит байршил дахь зогсоолуудад нэмэлт орлого олох үйлчилгээ /кофе шоп/ эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн байна. Харин эцэст нь дугуй түрээслэгчдийн тоо огцом өссөнтэй холбоотойгоор богино хугацаанд шаардагдаж байгаа хэрэгцээг нөхөх зорилгоор 1000 дугуй үйлдвэрлэх санхүүжилтийг шийдвэрлэж өгөх зэрэг хүсэлт ирүүлснийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв.

Ажлын хэсгийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ахалсан бөгөөд тэрбээр “Хөрөнгө оруулалт хийхээс бусад саналыг дэмжсэн” гэсэн юм. Улмаар Тэргүүлэгчдээр уг асуудлыг хэлэлцэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид тэмдэглэлээр үүрэг өглөө.


“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн тухай хэлэлцлээ.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журмыг Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчдээс 2020 онд баталсан. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци нь өнгөрсөн хугацаанд дээрх журмаар төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж ажилласан. Гэвч журмын зарим зохицуулалт тодорхой бус, журмаар зохицуулаагүй харилцааг хэрхэн шийдвэрлэх зэрэг бэрхшээлтэй асуудлууд тулгарч буй тул зарим заалтыг өөрчлөн найруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Журмын шинэчилсэн найруулгад төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах болон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрх олгосны төлбөр, баримт бичгийн үнэтэй холбоотой зохицуулалтыг шинээр нэмжээ.

Улмаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нийт зарласан энгийн хувьцаанаас нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 950 мянган ширхэг хувьцааг нэмж гаргах замаар нэмэгдүүлж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1 тэрбум төгрөгөөр тогтоов. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дүрмийн шинэчилсэн найруулгыг мөн баталлаа.


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны тогтоолын хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжив

Налайх дүүрэгт арматур төмрийн үйл ажиллагаа явуулдаг “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг энэ оны наймдугаар сард байгуулсан. Ажлын хэсгийг төлөөлөгч М.Говьсайхан ахалсан бөгөөд тэрбээр өнөөдөр төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үүссэн нөхцөл байдлын талаар боловсруулсан холбогдох санал, дүгнэлтээ Тэргүүлэгчдэд танилцууллаа.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 100 дугаар тогтоолоор “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, “Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк”-ийн эдэлбэр газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч “Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк”-ийн цахилгаан хангамж, дэд станцын барилгын ажил дуусаагүй, мөн паркийн эдэлбэр газрын зэргэлдээ байрлалд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, агуулахын аюулгүйн бүстэй давхацсан зэрэг шалтгаанаар Тэргүүлэгчдийн 2018 оны 100 дугаар тогтоол хэрэгжих боломжгүй болжээ.

Ажлын хэсгийн ахлагч М.Говьсайхан хэлэхдээ “100 дугаар тогтоолын дагуу “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн арматур төмрийн үйлдвэрийг “Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк”-руу нүүлгэн шилжүүлэх ажил хангагдаагүй. Тиймээс тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэл явуулах хэмжээний хүчин чадалтай болох, мөн ойр орчмын тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, агуулахын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн аюулгүйн бүс, газар олголтын асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар тогтоолын төсөл хэрэгжих хугацааг сунгах саналтай байна” гэв. Улмаар Ажлын хэсгийн саналыг Тэргүүлэгчдийн олонх нь дэмжсэн юм.



Товчхон:

Нийслэлийн өмчийн бүртгэлээс Баянгол дүүргийн 25 дугаар хорооны “Май таун” орон сууцны хорооллын 108 дугаар байрны 181 тоотод байрлах 67.9 мкв талбайтай гурван өрөө сууцыг хаслаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга шинээр барихаар болсонтой холбогдуулан тус төвийн балансад бүртгэлтэй хоёр барилга, байгууламжийг төрийн өмчид шилжүүллээ.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 89 дүгээр сургуулийн балансад шилжүүллээ.

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон төрийн өмчийн концессын “зураг төсөл боловсруулах, буулгах, барих, шилжүүлэх” төрлөөр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

“Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгалаа.

“Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийг байгуулахыг дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ