МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Туваан: Угийн бичгийг нийтээрээ хөтөлж эхлэх нь зөв

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.01.04/-ний өдрийн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явагдаж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Маш чухал асуудал орж ирсэн. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, мөн хүн амын өсөлтийг дэмжих талаар Их хурлын тогтоол. Бид чинь мэндлэхдээ хүртэл хүнээ асуудаггүй мал сүрэг тарган тавтай юу гэж асуудаг. Монгол хүн судлалын салбар байхгүй болсон. Одоо энэ үед хүнрүүгээ анхаарах болсон. Байнгын хорооныхоо гишүүдэд энэ чухал асуудлын анхны хэлэлцүүлэгт нухацтай хандаж чухал асуудлуудаа ярилцаж, шигтгэж өгөх нь зөв байх гэж бодож байна.

Манай хоёр хөрш гэхэд дэлхийд хүн амаараа 2-т ордог Хятад улс “Нэг өрх-Нэг хүүхэд” бодлогоосоо татгалзаж, чөлөөтэй тавьж эхэлж байна. Хүн амаа өсгөх бодлого барьж байна. ОХУ бол хүүхдийнхээ тоогоор тэтгэмж авдаг, бодитойгоор дэмжлэг өгч байна. Энэ цаг үед маш чухал асуудал орж ирснийг Ажлын хэсэгт орсныхоо хувиар дамжуулж хэлье.

Чухал асуудал гэдэгт Ургийн бичгийг тов тодорхой оруулаад, ажил болгоод загварчлаад хөтөлдөг болгоод, УИХ-ын гишүүд, Төрийн гурван өндөрлөг манлайлаад хөтлөөд явчих талын асуудлыг эхлүүлэх нь зөв байх.

Хоёрдугаарт, төрөлтөд ураг байх үед нь нарийн шинжилгээ хийж удамшлын өвчтэй ургийг гэдсэнд байхад нь оношлох боломжтой болсон. Үүнийг нэлээн өргөжүүлж өгөхгүй бол 1000 төрөлт тутамд төрөлхийн генийн гажигтай, удамшлын өвчтэй хүүхдүүд нэлээдгүй байна. тиймээс арга хэмжээг боломжтой дээр нь авах хэрэгтэй.

Монголчууд үр хүүхэддээ аминаасаа илүү ханддаг учраас нэгэнт гарч ирсэн хүүхэд тухайн айл өрхөд насаараа дарамт үүсгэдэг. Тиймээс ураг байх үед нь удамшлын өвчтэй эсэхийг нь ярих хэрэг байна.

Гуравдугаарт, Манай тогтоолд төвлөрлийг сааруулах гэж орж ирсэн. Нийслэл Улаанбаатар хотдоо бид 1.5 саяулаа багтахаа байлаа. Төвлөрлийг сааруулахад хөдөөд, ялангуяа залуу гэр бүлийг амьдрах нөхцлийг нь сайжруулах, хүүхдийн тоогоор оцон сууц олгох зэрэг асуудлыг хассанаа эргээд ярья.

Хөдөө орон нутагт залуу гэр бүл, залуу эмэгтэй байхгүй. Бүгд хот руу орчихсон. Тэнд гэр бүлийн асуудал хурц болж, ганц бие залуус мал маллаж амьдарч байна. тиймээс энэ  асуудлыг тогтоол дотроо чухалчилж оруулж өгөх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ