МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ц.Туваан: Боловсролын багц хуульд хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг сайн тусгаж өгөөрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.07\ нэгдсэн хуралдаанаар Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллийг сонслоо. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Засгийн газрын бодлогын түвшинд хүн ам, эрүүл мэндийн салбар нэг дугаарт, боловсролын салбар хоёрдугаарт орох ёстой гэж боддог. Ингэж байж улс орны дараагийн хөгжил, хүний хөгжил яригдах байх гэж бодож байна.

Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгууд явагдаж байгаа дээр тодорхой хэдэн санал хэлнэ.

Төсөв батлах үеэр үр дүнд суурилсан, боловсролын чанартай сургаж чадсан багш нарыг урамшуулахад тодорхой дэмжиж 80 гаран тэрбум шийдэж өгсөн. Энэ хэрэгжиж эхэлсэн үү, хэзээнээс үр дүнгээ үзүүлэх вэ?

Манай Төв аймгийн зарим сумдад өмнөх онуудаас хүүхдийн тоо 30 гаруй хувиар нэмэгдчихээд байдаг. Тэднийг сургаж, хичээл зааж байгаа багш, үйлчилж байгаа ажилчдын тоо яг хэвээрээ байна. эндээс тэр хүмүүст илүү урамшуулал цалин алга, илүү цаг өгөх гэхээр төсөв нь дуусчихдаг асуудлыг хүүхдийн тоотой нь уясан асуудлаар шийдэх зүйл Боловсролын хуулинд орох уу?

Хоёрдугаарт, Боловсролын сүүлийн үед үзүүлж байгаа цахим хичээлүүдийг болж байна, мундаг байна гэсэн тооцоо судалгаа танилцуулаад байсан сүүлийн үед зөв ярьж байна. үүнийг дагаад хүүхдүүдийн, төгсөх ангийн хүүхдүүдийн ЭЕШ-ийн оноог хөдөлгөх, шалгуурыг сулруулах боломж, бодлого байдаг уу?

Гуравдугаарт, Үдийн хоол болгосон нь сайшаалтай. Худалдан авалтыг Засгийн газар дотроо яриад байна. Хөдөө аж ахуйн яам, Боловсролын яам хоёр хоорондоо ярилцаад нэг нь үйлдвэрлэж, нэг нь захиалдаг юм чинь дотроо шийдчихвэл үнэ, чанарын хувьд ч гэсэн нэг асуудал шийдэгдэх гарц харагдаад байна. Энэ асуудалд бодсон зүйл байна уу?

Дөрөвдүгээрт, Боловсролын системийн хувьд нэг талд нь хүүхдүүдийг сургаж, нөгөө талд багш нар байна. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр бид үр дүн хүлээгээд хэрэггүй. Маш бага цалингаар амьдарч чадахгүй хичээлээ тараад өөр ажил, гэр орны ажил, үхэр мал харах, ногоо тарих гэхчилэн нэмэлт орлогууд шаардлагатай болоод төвлөрөл байхгүй болж байгаад анхаарахаас аргагүй болсон.  

Багш нарын өөрсдийн чадавхийг дээшлүүлэхэд маш их анхаарах шаардлагатай болсныг Боловсролын хуулин багтааж оруулж ирнэ гэж ойлгож байгаа.

Тавдугаарт, нөгөө талаар сургуулийн ажилчид, жижүүр манаач, үйлчилэгч нарыг гэрээт болгоно гэдэг асуудал явагдаж байсан нь эцэслэж больсон уу.

Хөдөө орон нутагт 6 настай хүүхдүүдийг сургуульд оруулснаас болж гэр бүл салалтын асуудал статистикт өндөр болсон байна лээ. Үүнийг зохицуулах бодлогын гарц, гаргалгаа бий юу? Хөдөө орон нутагт залуустай суух залуу эмэгтэй цөөрсөн дээр нэмээд салаад байвал хөдөө орон нутгийн хүн амын бодлого, төвлөрөл сааруулах бодлого минь хаашаа явах вэ?

Сүүлд нь хэлэхэд Боловсролын багц хууль дотроо хүүхдийн эрүүл мэндтэй асуудлыг нэлээд сайн тусгаж өгөөрэй. Тэгэхгүй бол ангид хүүхэд маш олноороо сурч байгаа, суманд шүдний эмнэлэг байхгүй, шүд цоорол түүнээс үүдсэн маш олон өвчлөл байна. сумын эмнэлэг хүүхдийн эрүүл мэндэд наад захын шүд амыг нь зайлуулах, нэмэлт бүтээгдэхүүн өгөх зэргийг Боловсролын хуулиндаа нэмж оруулж өгөөрэй.

УИХ-ын гишүүн Ц.Тувааны асуултад УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ