НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“Иргэн төвтэй жил”-д хийх ажлын санал авч, нэгдсэн төлөвлөгөө боловсруулна
2022.02.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Иргэн төвтэй жил”-д хийх ажлын санал авч, нэгдсэн төлөвлөгөө боловсруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар 87.5 хувьтай биелжээ.

Нийслэлчүүд амар тайван шинэлжээ

Сар шинийн баярыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд харьцангуй тайван амгалан тэмдэглэн өнгөрүүлснийг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа. Эрүүл мэндийн салбарт элдэв хүндрэл учраагүй бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеэс эрс багассан дүн гарчээ. Нийт шинжилгээний 89-90 хувь нь эерэг гарч байсан бол одоо 37-50 хувь болон буурсан байна. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн хувьд орны хүлээлт нэгдүгээр сарын 27-ны өдрөөс байхгүй болсон гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж онцоллоо.

Дархлаажуулалт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар:

III тунд нийслэлийн нийт хүн амын 33.4 хувь, зорилтот бүлгийн 52.5 хувь
IV тунд зорилтот бүлгийн 5.1 хувь нь хамрагдаад байна.
Нийслэлчүүдийн сар шинийн өдрүүдийг ая тухтай тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс цагдаагийн 13.293 алба хаагч, олон нийтийн 656 цагдаа үүрэг гүйцэтгэж, 29.729 хүн, 25.749 автомашин, 9433 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 73, аврах ажиллагааны зургаан удаагийн дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 285 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 14.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

2022 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 306, аврах ажиллагааны 21, нийт 327 удаагийн дуудлагатай байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.4 хувиар өссөн үзүүлэлт аж.

Нийт тээврийн хэрэгслийн 68-77 хувь нь хөдөлгөөнд оролцжээ

Сар шинийн өдрүүдэд хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсныг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа.

“Баярын өдрүүдэд нийт 808 албан хаагч гудамж, замд үүрэг гүйцэтгэсэн. Шинийн 1-ний өдөр нийт тээврийн хэрэгслийн 77 хувь буюу 318 мянган тээврийн хэрэгсэл, шинийн 2-ны өдөр 279 мянган тээврийн хэрэгсэл буюу 68 хувь нь хөдөлгөөнд оролцлоо. Нийслэлээс гарч буй болон нийслэлд орж ирсэн иргэдийн тоо ердийн үеэс эрс нэмэгдэж, 41 мянган тээврийн хэрэгсэл, 96 мянган иргэн гадагш чиглэсэн хөдөлгөөн хийсэн. Энэ хугацаанд зам тээврийн 186 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна. Сар шинийн баярыг угтаж, зах, худалдааны төв болон төвлөрсөн 60 цэгт 80 албан хаагчийг нэмэлтээр ажиллуулсан” хэмээн мэдээллээ.

Амгалан дулааны станцад гарсан ослоос өөр ноцтой осол гэмтэл гараагүй. Нийслэлийн хэмжээнд зургаан байршилд халиа дошин үүссэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн мянгад үүссэн халиа дошноос болж авто зам руу ус орж, тус хэсэгт бодис давс асгаж, сувгийг сэргээж, усыг урсгажээ.

Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөхөд цаг алдахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон. 2022 оны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг НИТХ-аар батлаад буй юм. Үүнээс он дамжин хэрэгжиж буй 69 ажил байгаа бол барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115, дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн зургаа, инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн 26, авто замын ажлын нөлөөлөлд өртсөн 33 газар байгаа юм байна. 2022 онд шинээр хэрэгжих ажлуудаас 22 авто зам, 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт батлагджээ.

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

-Нийслэлийн Засаг даргын “2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарлах тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох байгууллагуудаас санал авч, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж ажиллах.

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцсан ажлын чиглэлээр нийслэлийн иргэдэд боловсрол мэдлэг олгох, соёлыг төлөвшүүлэх, орлого нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц ажлыг санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах.

-2022 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай “Хариуцлагын гэрээ” байгуулах бэлтгэлийг сайтар хангах.

-2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэх.

-Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас ажлын гурав хоногт үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай материалыг судалж, захиалагч байгууллагатай хамтран ажиллах.

-Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, дархлаажуулалтыг эрчимжүүлэх.

-Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, иргэнд хуулийн хугацаанд хариу өгөх.

-“Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” нь шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр удирдлага арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулах.

-Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчил болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

ШИНЭ МЭДЭЭ