2022.03.24
Улстөр
Ё.Баатарбилэг: Хяналтын байгууллагуудын чиг үүргийг алдагдуулах хууль гэж харж байна
УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Аж ахуйн нэгж байгууллагуудад очиж байгаа янз бүрийн давхардал, лиценз зөвшөөрөл олгохоос эхлээд олон төрлийн шат дараалсан шалгалтууд, нэг ижил шалгалт ойр ойрхон очиж байгаа төрийн хүнд суртлыг багасгах чиглэлээр ажилла гэдэг үүрэг өгсөн. Ийм үүрэг өгсний дагуу Засгийн газраас, Хууль зүйн яамнаас боловсруулж оруулж ирж байгаа энэхүү хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна. Хяналтын байгууллага бол эрсдэлд суурилж хяналтаа тавьдаг. Татвар гаалийн хувьд эрсдэлд суурилж хяналт тавьж ажиллаад удаж байна. Нэлээн эрсдэлтэй гэсэн аж ахуйн нэгж байгууллагуудад давтамж нь ойрхон шалгалт хийгдэж, эрсдэл бага шударгаар хуулиа биелүүлж байгаа ААН-үүдэд шалгалт орохоо болиод удаж байгаа. Үүн шиг Мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд нь суурилаад, эрсдэлийн үнэлгээг гаргаад, эрсдэлтэй ААН-үүдэд давтамжаа ойртуулж байнга хяналт шалгалтаа хийхээс өөр арга байхгүй.
Хүнсний аюулгүй байдлын, эрүүл мэндийн үйлчилгээний эм, эмийн хэрэгслийн гэх мэт хүний өдөр тутмын ахуй амьдрал, аюулгүй байдалтай холбоотой шалгалтыг Мэргэжлийн хяналтын байгууллага явуулдаг. Дээрээс нь байгаль орчны, барилгын хяналт, зам гүүрийн хяналтууд байна. Эдгээр ААН байгууллагуудын хяналтууд зогсоход энэ хуулиндаа гурван жил зогсож, гомдол мэдээллийн дагуу ирнэ. Эдгээр асуудлуудад гомдол мэдээлэл ирэхгүй бол яах вэ? Дээр нь хууль хэрэгжүүлэх үүрэгтэй.
Санаатай болон санамсаргүй алдаа зөрчил гаргаж байгаа олон тохиолдол байгаа. Мэргэжлийн хяналтын зөвлөн туслах үйлчигээ нь яваагүйгээс болоод тухайн үедээ ААН байгууллага нь санамсаргүйгээр стандартын алдаа гаргачихсан байж байгаад түүнээс нь хор хохирол учирвал яах вэ?
Энэ асуудал байнгын төлөвлөгөөт шалгалтын үеэр гардаг, засаж сайжруулаад явдаг зүйлс. Иргэдээ аюулгүй байдлаас, эрсдэлээс хамгаалж л энэ хяналтын байгууллага байж байгаа. Тэгэхээр хяналт шалгалт хийгээгүйгээс болоод ард иргэдэд болон улс оронд хор хохирол учирвал хэн хариуцах вэ гэхээр буруутай этгээд л хариуцна гэчихэж байгаа юм. Буруутай этгээд хариуцах нь тодорхой. Тэгвэл тэрэнд хяналт шалгалт хийх үндсэн чиг үүрэгтэй Мэргэжлийн хяналтын байгууллагууд болон бусад хяналтын байгууллагууд ямар ч хариуцлага хүлээхгүй гэдэг асуудал яригдаж байна. Тийм зүйл байж болохгүй. Үүн дээрээ УИХ-аас үүрэг чиглэл өгсөн гэдэг зүйл оруулж ирж байгаа бол харамсалтай байна. Энэ асуудлаа ажлын хэсэг дээрээ засаж сайжруулаад явна гэдэг зүйл ярьж байсан. Гэхдээ яг яаж засаж сайжруулах гэдэг нь тодорхойгүй болохоор энэ асуудалд ойлгомжгүй зүйлс маш их байна. Мэргэжлийн хяналт болон бусад хяналтын байгууллагуудын чиг үүргийг алдагдуулж, чадавхийг бууруулах нэлээн асуудалтай хууль орж ирсэн гэж хэлмээр байна.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20