МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа: Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хууль бол товчхондоо тэтгэвэрт гараад ядуурлын түвшинд шилждэг байдлыг засах зорилготой
2022.03.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Одонтуяа: Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хууль бол товчхондоо тэтгэвэрт гараад ядуурлын түвшинд шилждэг байдлыг засах зорилготой

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Хаврын чуулган эхэллээ. Энэ чуулганы онцлог болон чуулганаар хэлэлцэх чухал ямар хуулийн төслүүд байна гэж харж байна вэ?

-Цар тахал намжиж байгаа үед эдийн засгийн өсөлтийг дэмжих, хилийн гацааг арилган аж ахуй эрхлэгч, иргэдийн амьжиргааг дэмжих шуурхай, зөв бодлого хэрэгжүүлэх цаг иржээ. Гадаад нөхцөл байдал ээдрээтэй, цэргийн мөргөлдөөнөөс шалтгаалаад урьдчилж таамаглахааргүй эрсдэлүүд үүслээ. Ийм нөхцөлд чуулганаар хэлэлцэх онцлох хуулиуд бол Ашигт малтмалын тухай, Газрын багц хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг юм.

Намрын чуулганаар дэмжигдсэн Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх, Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтүүд бас хүлээгдэж байна. Ач холбогдлоор нь эрэмбэлээд, нухацтай хэлэлцэх байх аа.

Үүнээс гадна Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль, Концессын хуулийг бүрэн шинэчилж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг улам өргөтгөх, Төр бизнес эрхлэх бус зөвхөн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх, ямар төслүүдийг ийм гэрээнд оролцуулах зэрэгт том өөрчлөлтүүд оруулахаар зэхэж байна. Төслийн хувилбарыг Сангийн яам гарган хэлэлцүүлэх шатанд яваа.

Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хууль нь инфляцитай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлж байх болон бусад хуультай зөрчилдөж байгаа заалтуудыг арилгахад чиглэж байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хууль батлагдсаныг та бүхэн мэднэ. Гэхдээ тэр бол нэг удаа ашиглагдах хууль тул эдийн засгийн нөхцөл байдал, амьжиргааны түвшнээс шалтгаалан автоматаар өөрчлөгдөж нэмэгддэг механизмтай болох нь оновчтой. Товчхондоо тэтгэвэрт гараад ядуурлын түвшинд шилждэг байдлыг засах зорилготой хууль юм.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг гар дээрээ аваагүй байна. Зарчмын хувьд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, аль болох хувийн хэвшилд даатгах ёстой. Жил бүр нэмэгдэж буй төрийн гэсэн нэртэй аж ахуйн янз бүрийн хэлбэрүүд нөгөө талдаа хувийн хэвшлээ шахаж байдаг. Гэтэл төр татвар төлөгч, ажил олгогч билүү, Төр улам данхайх хэнд ашигтай бэ? Төрийн өмчит компаниудыг олон нийтийн оролцоотой болгох, алдагдалтай аж ахуйг хувьчлах, шаардлагагүй үйлчилгээнээс татгалзах гээд олон хэлбэрээр үүнийг засч сайжруулж болно.

-Хэт чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт та өргөн барьсан. Энэхүү хуулийг өргөн барих өнөөгийн хэрэгцээ шаардлагын талаар ярихгүй юу?

-ДЭМБ-аас халдварт бус өвчинтэй тэмцэх нэг чухал чиглэл нь Хэт чихэрлэг ундаанд татвар ногдуулах явдал гэж зөвлөсөн. Ингэснээр таргалалт, илүүдэл жин, чихрийн шижин, шүдний өвчлөл болоод бусад дагалдах өвчнөөс урьдчилан сэргийлэх явцад эрс ахиц гарна. НЭМХ, АУШУИС-ийн 2017 онд хийсэн судалгаагаар бага насны хүүхдийн дундах таргалалт долоо дахин, насанд хүрэгчдийн таргалалт 60-аас дээш хувьтай, хүүхдийн шүдний өвчлөл өндөр хувьтай зэрэг сэтгэл эмзэглүүлсэн тоонууд гарсан. Хэт чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар чихрийн агууламж багатай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгднэ. Жишээ нь цэвэр ус, сүү тараг, чихэр багатай ундаа. Хууль хэрэгжих хугацааг 2024 оноос гэж тавьсан.Энэ хооронд үйлдвэрлэгчид, импортлогчид ундааны орц дахь чихрийн агуулгыг бууруулах, жор технологидоо өөрчлөлт оруулах боломжтой. Чихэрлэг ундаа 100 мл-т 5 гр-аас доош чихэр агуулж байвал ямар нэг татвар төлөхгүй. Эцэг эхчүүд, сургуулийн багш нарын нийтлэг санаа зовдог энэ асуудал олон жил яригдсан ч зар сурталчилгаа төдийхнөөс хэтрээгүй байсныг хуулийн механизмаар бодит үр дүнд хүргэхээр шийдээд санаачилсан.

-Ам.долларын үнэ гурван мянгад хүрчихлээ. Бензиний үнэ ч тэнгэрт хадлаа. Эдгээрт хэн хариуцлага хүлээх вэ, ямар зохицуулалт хэрэгтэй гэж та харж байна?

-Долларын нөөц хэвийн хэмжээнд байж төгрөгийн ханш ч тогтвортой байсаар ирсэн. Гэтэл экспортын гарцууд хумигдсанаас шалтгаалаад доллар олж ирдэг нүүрс, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын экспорт гацсан, эрс багассан. Доллар олохгүй байхад импортын худалдан авалт нэмэгдсэн нь ханшид шууд нөлөөлсөн. Украин дахь цэргийн мөргөлдөөнөөс хамаарч зах зээл дээр нефтийн үнэ 2013 оны түвшинд хүрч өссөн. Орлогын хомсдол, нийлүүлтийн бэрхшээл гээд гадаад үнийн дарамтыг дотооддоо удирдах чадвар,

боломж байхгүй, зохицуулах чадваргүйгээс үнийн өсөлтийг шууд хэрэглэгч рүү шилжүүлж, би үхэхээр чи үх гээд орхиж байгаа л дүр зураг харагдаж байна. Монголбанк, Сангийн яам ийм нөхцөлд ажиллах аргаа олохгүй, зориглохгүй л байна гэсэн үг. Шаардлагатай нөхцөлд зохицуулалт хийх арга механизм Засгийн газарт л бий.

-Хөгжлийн банкинд үүссэн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Зорилго нь зөв ч хэрэгжүүлэлт нь дампуурсан тохиолдол. Улстөрчдийн томилгоо, улс төрийн шийдвэр, намчирхсан зээл олголтын үр дүн. МАН, АН гэлтгүй хатуу хариуцлага тооцох ёстой. Гэхдээ тоо баримтыг нь харахаар Н.Мөнхбатын үед буюу Ардчилсан нам засаглаж байх цагт л Хөгжлийн банк ашигтай ажиллаж, оны шилдэг татвар төлөгч болж байсан байх юм. Улс орны хөгжлийн бодлогод туссан нэн шаардлагатай том төслүүдийг санхүүжүүлж тэр хэрээр эдийн засагт нөлөө үзүүлэх зорилготой банк. Харамсалтай нь улстөрчдийн балгаар дампуурах дээрээ тулжээ. Өр зээл, хүү алдангийг бүрэн төлүүлж дараагийн төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй. Зүгээр орхиж хэрхэвч болохгүй.

-Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн холимог тогтолцоотой болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг нь амьдралаас урган гарсан, цаг үеийн шаардлага тул дэмжиж байгаа. Улс төрийн намын тухай, сонгуулийн тогтолцооны тухай заалтуудыг хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөхөөс аргагүй. Олон улсын парламентын овор хэмжээг тогтоодог ерөнхий томьёоны дагуу бол манайх шиг тооны сонгогчидтой парламент 134 гишүүнтэй байхаар юм билээ. Заавал тэр тоонд хүргэх албагүй. Гэхдээ хэт бага оврын парламент байх нь нөлөөлөлд автах эрсдэлтэй, хараат бус ажиллаж чадахгүй байгаа зэргээ бодвол 100 орчим гишүүнтэй болгохоос аргагүй. Орчин үед улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлага болсон. Зарим улсад эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдөх боломжийг илүү нээж өгөх, санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх практик ч бий. Мөн улс төрийн амьдралд идэвхтэй оролцох эмэгтэйчүүдийг сургах хөгжүүлэх, бодлогоор бэлтгэх хэрэгцээ ч бий.

-УИХ дахь АН-ын өнөөгийн бүлэг сөрөг хүчний үүргээ сул гүйцэтгэж байна гэх шүүмжлэл нийгэмд байна. Та үүнд юу хэлэх бол..?

-Бүлэг шүүмжлэх, ажил хэрэгч зөвлөмж өгөх ажлаа гүйцэтгэсээр байгаа. Нам хуваагдмал, дотроо зөрчилтэй байгаа нь хүндрэл учруулж байна. Шинээр сонгогдсон, дахин сонгогдсон гишүүд байгаа ч эрх зүйн орчныг боловсронгуй болгох аливаа хэрэгцээ шаардлагыг олж харж, хууль санаачлах, шинэчлэх ажлуудаа тасралтгүй хийж байна. Гэхдээ хэт олонхтой үед сөрөг хүчний дуу хоолой төдийлөн сайн сонсогдохгүй байх, сонсохгүй байхаас эхлэн олон хүндрэлүүд гардаг. Мэдээж ард түмний төлөөлөл болохын хувьд цөөн гэхгүй улс орны эрх ашгийг тэргүүнд тавьж ажиллаж байна.

 

Р.Хишигжаргал

ШИНЭ МЭДЭЭ