МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.07
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Баярсайхан: Ойгоо хамгаалахад олон нийтэд соён гэгээрүүлэх ажлыг хийх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар “Ойн тухай” хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” хөдөлгөөнийг зарлаж, маш олон байгууллагууд, орон нутгийн хүмүүс дэмжиж байгаа. Завхан аймаг бол улсын хэмжээнд дөрөв, тавхан ойтой аймгуудын нэг. Тэгэхээр бид шинээр мод тарихаас гадна байгаа модоо хамгаалахад анхаарах шаардлагатай. Тэрбум модыг тарихад ямар хэмжээний төсөв зарцуулагдах болон одоо байгаа ой модоо хамгаалахад хэр хэмжээний төсөв зарцуулагдахыг ирэх жилийн улсын төсөвт харьцуулалт хийж, байгаа модоо хамгаалахад уриалга гаргаж, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг хийгээсэй гэж хүсч байна.

Хоёрдугаарт анхаарах асуудал бол самрын асуудал. Самрын бизнесийг маш олон хувь хүмүүс, аж ахуйн нэгж хийдэг. Гэвч эдгээр хүмүүс самрыг хэрхэн зөв түүх талаар мэдлэггүй, эсвэл хүндлэлгүй ханддаг учраас манай улс цаашдаа самаргүй болох аюул нүүрлээд байна. Энэ асуудалд Байгаль орчны яам тусдаа бодлого гаргаж, самрыг хамгаалах талаар мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай байна. Энэхүү хуулийн төслийг бүрэн дэмжиж байна. Амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ