МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гадаад руу хөдөлмөр эрхлэхэд зуучлагчдын босгыг өндөрсгөж, хариуцлагыг нэмэв
2022.04.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Гадаад руу хөдөлмөр эрхлэхэд зуучлагчдын босгыг өндөрсгөж, хариуцлагыг нэмэв

Гадаадад хөдөлмөр эрхэлж буй монголчуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг шинэчлэн баталлаа. Тусгай зөвшөөрөлгүй иргэд, аж ахуй нэгжүүд гадаадад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг залилан мэхлэх тохиолдол их гарах болсон тул 2001 оноос хойш өөрчлөлт оруулж байгаагүй уг хуулийг шинэчлэхдээ ажилд зуучлах тусгай зөвшөөрөл олгох шалгуурыг өндөрсгөж, хариуцлагыг нэмэгдүүлсэн байна.

Аялал жуулчлал, агаарын тээврийн тасалбарын үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд, гадаад улсад ажилтан илгээхэд хууран мэхлэх, төөрөгдүүлэх, залилах, бусад аргаар зөрчил, гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон хүн, хуулийн этгээд, төрийн албан хаагч, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, тусгай зөвшөөрөлгүй этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага, шашны байгууллагат зуучлах үйлчилгээ эрхлэхийг хориглохоор тусгажээ.

Түүнчлэн эл шинэчилсэн хуулийн төсөлд "Ажил олгогч тухайн ажлын байрны зарыг ажил олгогч хөдөлмөр эрхлэлт бүртгэл мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш 14 хоногийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад улсаас ажилтан ажилтан ажиллуулах зөвшөөрөл хүсэх эрх үүснэ" хэмээн тусгасан нь өндөр цалинтай, ур чадвар, нарийн мэргэшил шаардсан ажлын байранд дотоодын мэргэжилтнүүд ажиллах боломжийг нэмэгдүүлж байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэг зүйлийг заалт болгон оруулж байгаа нь Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт тухайн жилийн онцлог, улсын хөгжил зэрэгтэй уялдуулаад зарим салбарт квот тогтоох эрхийг Засгийн газарт өгч байна. Жишээлбэл, 2020 онд аль чиглэлийн салбарт илүү ажиллах хүчин шаардлагатай байна. Тэр нь хэрвээ нийлүүлэлт бага, эрэлт ихтэй байвал тухайн салбарт нь гадагшаа гарах хязгаарлалтыг тогтоох зохицуулалтыг хийх боломж хууль, эрхзүйн хүрээнд бүрдэж буй юм.

2013 онд гадаадаас 30 мянган хүнийг ажиллуулсан нь Монгол Улс гадаадын хамгийн олон иргэнийг ажиллуулсан жил болсон бол энэ тоо 2021 онд 6045 болсон. Үүнээс барилгын салбарт 26, боловсролын салбарт 11, боловсруулах үйлдвэрт таван, мөн уул уурхай олборлолтын салбарт 36 хувь нь ажиллаж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын ажиллагсдыг мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн түвшин хамааралгүйгээр квот, Засгийн газрын тусгайлсан тогтоол зэрэг нэг арга хэлбэрээр авч байсныг шинэ хуулиар өөрчлөн удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн 3 төрлийн ажлын байранд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохоор зохицуулсан. Тодруулбар, нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай ажилтныг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан авдаг байх бодлого баримтлах боломжийг бүрдүүлсэн зэрэг хэд хэдэн өөрчлөлт орсон.Түүнчлэн Хөдөлмөрийн сайд болсноосоо хойш буюу 2017 оноос гадаадаас ажиллах хүч авч буй аж ахуйн нэгжүүдэд гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дотоодын хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүй иргэдээс сонгон авч, дагалдан сургах гэрээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хийдэг болгсноо энэ хуульд оруулж хуульчилсан.

Түүнчлэн манай улс гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ тоог өнөөг хэр нь тодорхой гаргаж чадаагүй байгаа. Иймээс энэ тоог нарийвчлан гаргахаар шинэчилсэн хуулийн төслийн 36 дугаар зүйлд тусгасан. Хуулийн дагуу зуучлах үйлчилгээнд хамрагдсанаар гадаадад ажиллаж буй иргэд мэдээллийн санд мэдээллээ өгөх юм. Үүнд: овог нэр, нас хүйс, боловсрол, мэргэжил, ур чадвар, хөдөлмөрийн гэрээ, түүний төрөл, дуусгавар болох хугацаа, хөдөлмөр эрхэлж байгаа улс, салбар, ажил орлгогч, шилжилт хөдөлгөөн, зуучлагч, зуучлах үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, гадаад паспортын дугаар, хүчинтэй хугацаа, холбоо барих өөрийн болон ар гэр, ойр дотны хүний товч мэдээлэл, утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллийг бүртгүүлнэ.

Харин бие даан гадаад улсад хөдөлмөр эрхэлж, үйлдвэрлэлд дадлагажиж буй иргэд сайн дураар мэдээллийн санд өөрийн мэдээллээ илгээх юм. Монголд ажиллаж буй гадаадын иргэдийн мэдээллийг ч тус санд төвлөрүүлэхээр хуулинд тусгажээ.

ШИНЭ МЭДЭЭ