С.Одонтуяа: АН бүлгийн дүгнэлтийг ажил хэрэг болгосон бол таван сарын хугацаанд гурав дахь удаагаа төсөв өргөн барихгүй байсан
2022.04.27
Улстөр

С.Одонтуяа: АН бүлгийн дүгнэлтийг ажил хэрэг болгосон бол таван сарын хугацаанд гурав дахь удаагаа төсөв өргөн барихгүй байсан

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-Төсвийн тодотгол УИХ-д орж ирж анхны хэлэлцүүлгээ хийлээ. Тодотгол хийх шаардлага зайлшгүй байсан уу. Орж ирж байгаа тодотголын зөв нь юу байна, арай хэтрүүлсэн нь юу байна вэ?

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийт болон Монгол Улсад эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, төсвийн хүндхэн сорилт болсон. 2022 оны хоёрдугаар сард ОХУ болон Украины хооронд дайн эхэлж дэлхийн геополитик, эдийн засагт нэн томоохон хүндрэл, тодорхойгүй байдлыг үүсгэлээ. Цаашид нийлүүлэлтийн тасалдал үүсч, импортлогч орнуудын шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, хомсдол бий болох эрсдэл бий болжээ. Мөн БНХАУ-д цар тахлын халдвар эрчимжиж “тэг-Ковид” стратеги хэрэгжиж байгаатай холбоотой төсөвт тодотгол хийхээр УИХ-д оруулж ирсэн гэж тайлбарлаж байна. Энэ бол гадаад хүчин зүйл.

Харин эрх баригчид өөрсдийн бодлогын ямар алдаа гаргасан талаараа ганц ч үг цухуйлгасангүй. Хэрэв 2022 оны төсвийг анх өргөн барихдаа АН бүлгийн дүгнэлтийг ажил хэрэг болгосон бол тавхан сарын хугацаанд гурав дахь удаагаа төсөв өргөн барихгүй байсан. Энэхүү төсвийн тодотголоор олигтой өөрчлөлт харагдахгүй байна. 

Залуучууд жагсаж байж л дуртай дургүй хэдэн барилга, соёлын төв, автомашины хэрэглээг танах нь эдийн засгийн суурь алдааг засаж чадахгүй. Энэ бол ердөө эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн дургиж байсныг харуулах үзүүлэлт.

-Төсөв хүндэрч байгаа нь 76 жижиг тойргоос болдог гэсэн. Үүнтэй та санал нийлэх үү. Эсвэл Засгийн газар ажлаа хийж чадаагүй байж бусад зүйл рүү шалтгаанаа түлхэж байна уу?

-Гадаад дотоод олон шалтгаан бий. Засгийн газар урт, дунд хугацааны бодлогогүй, дандаа гал унтраах төдийхнөөр ажиллаж байгаа нь төсөв хүндрэх гол шалтгаан мөн. МАН-ын эрх баригчид зургаан жил АН-аас буруу эрж байсан. Дараа нь хоёр жил цар тахал руу бүх буруугаа заасан. Одоо ОХУ, Украины хооронд болж байгаа дайнаас бүх зүйл болохоо байлаа гэж ярьж байна.

Саяхан УИХ-аар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг танилцуулахдаа 78 хувь биелэгдсэн онц сайн гэж танилцуулж байна лээ. Ядуурал 30 шахам хувьтай, олон компани, аж ахуйн нэгж хаалгаа барьсан, инфляци 15 хувь, төгрөгийн ханш огцом унасан үед онц сайн ажиллана гэж байхгүй байх аа. Үнэхээр тийм сайн ажиллаж байгаа бол залуучууд “Ажлаа хий” гэж жагсахгүй байсан болов уу.

-Сөрөг хүчний хувьд төсвийн тодотголд анхаарч, анхааруулан захиж байгаа зүйл юу байна вэ?

-Төсөв өргөн барих бүрд АН-ын бүлгээс УИХ-д дүгнэлтээ танилцуулдаг. Бидний шүүмжлэлийг авч ажил хэрэг болгож байсан бол таван сарын хугацаанд гурван удаа УИХ-д төсөв өргөн барихгүй байсан. 2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. ХАА-н салбар өнгөрсөн онд агшсан. Боловсруулах болон барилгын салбар мөн унасан тул 2021 онд эдийн засаг 1.4 хувь буюу маш бага өсөлт гарсан.

Хоёр жил дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах гарсан. Энэ оны 3 сарын байдлаар инфляци 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт. Жилийн өмнө 2.5 хувь байжээ. Төлбөрийн тэнцэл 570 сая ам.долларын алдагдалтай гарав. Жилийн өмнө долоон сая ам.долларын ашигтай байжээ. Валют их хэмжээгээр гадагшиллаа. Гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллараар буурав. Валют дутагдахаар дотоод санхүүжилт өсдөг. Инфляци өндөр байгаа тул иргэдийн хэрэглээ буурсаар байна. Тогтвортой, дундаж давхаргын хэрэглээ буурч байна. Инфляци өндөр байхад эдийн засгийн өсөлт ирэхгүй. Энэ өсөлт богино хугацааных биш, дунд хугацаанд ч үргэлжилж, энэ онд өндөр хэвээр байхыг сануулъя.

Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасч, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэллээ. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Төсвийг илүү танаж, төрийнхөн бүсээ чангалж, бизнес эрхлэгчдээ дэмжих л хамгийн зөв арга. Мөн хил гааль, ачаа тээврээ шийдэхгүйгээр асуудал шийдэгдэхгүй.

-НӨАТ-ын сугалааг болиуллаа. Нийгэм энэ асуудлаар шуугьж байна. Буцаан олголтоо нэмүүлье гэсэн биш бүр сугалаагүй боллоо гэх нь байна. Нөгөөтэйгүүр сугалаа зогссоноос болж татварын орлого багасна гэх юм. Мөн НӨАТ сөнөх шат руугаа орно ч гэх. Ер нь үүний сөрөг болон давуу тал юу байна вэ. Нийгэмд нөлөөлөх талаасаа...

-НӨАТ-ыг АН-ын үед хэрэгжүүлж эхэлсэн. Одоо Монгол Улс нийт татварын 25 хувь буюу гурван их наяд төгрөгийг энэ татвараар бүрдүүлж байна. Анх хоёр хувь буцаалт, нэг хувь нь сугалаа байсан. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор сард хоёр тэрбум 500 сая төгрөгийн сугалаа явагдах учиртай. 10 сая төгрөгийг сар бүр 250 хүн хожно гэсэн үг. Жилд гурван мянган иргэн 10 сая төгрөг хожно гэсэн үг. Тиймээс иргэн бүр НӨАТ шаардаж энэ татвараас улсад гурав биш дөрвөн их наяд төгрөг орох боломж байна гэсэн үг. МАН хууль завхруулж байгаагийн бодит нэг жишээ нь энэ. Орлого хянах зорилготой татвар төсөв бүрдүүлэгч болгосон нь том алдаа. НӨАТ-ыг бүгдээрээ таван хувиар төлж яагаад болохгүй гэж? Тодорхой орлогын шатлалаар жилийн эцэст бүрэн буцаан авч болох уу гээд бодлоготой татвар болгомоор байна.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хэмнэлтийн бодлогыг та ямар байдлаар хүлээн авч байна вэ?

-Хэмнэлтийн бодлогыг бүрэн дэмжиж байна. Тодотголтой хамт төрийн хэмнэлтийн тухай хууль орж ирсэн байна лээ. Энэ хүнд үед том шинэчлэлийг хийх учиртай. Бид төсвийн шинэчлэл, бодлогын реформ нэн даруй хийх ёстой. Яг энэ цаг үед зарчмын суурь асуудлаа анхаарсан, төсвийн шинэчлэл, төсвийн төлөвлөлтөө, хяналт, сахилга бат, үр ашгаа хэрхэн сайжруулах вэ, төрийн өмчит компаниудаа яаж цомхон ашигтай ажиллах вэ гэсэн суурь асуудлыг тусгах ёстой байсан юм. Гэтэл нийгэмд таалагдах гэсэн уриа лоозон маягийн нэн тааруу хууль орж ирсэн. Орлого их үед данхайтлаа тансагласан төр орлого багассаныг мэдрэхгүйгээр хоёр жил явлаа. Оройтсон ч гэсэн хэмнэлтийн хууль оруулж ирсэн ч хүлээлтэд хүрсэнгүй. Косметик маягийн зүйлүүд байна лээ. Жишээ нь, дан ганц машинтай ноцолдоод яахав дээ түүнээс өмнө бүтэц, орон тоо, бүтээмжээ харсан шийдвэр хэрэгтэй байсан.

-Хэмнэлтийн бодлогын хүрээнд гарсан нааштай зүйл юу байна вэ?

-Харин цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, хүүхэд харах үйлчилгээ, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжсэн нь маш зөв. Төр дангаар хийнэ гэхээс илүү хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, иргэдийн санаачилгад тулгуурлах нь цаашдаа ч зөв. Ингэснээр эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломж нээгдэж ажилгүйдэл, ядуурлаас сэргийлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ийм байдлаар аливаа асуудлыг харж шийдэх ёстой.

-Сөрөг хүчний хувьд эрх баригчдын бодлого хэр зөв явж байна вэ?

-Хөшөө, театр, нутгийн ордон, иргэдийн үйлчилгээний төв гээд олон хөрөнгө оруулалтыг царцааж, хойшлуулах талаар зөндөө хэлсэн. Хэт олонхоороо түрий барьж хэсэг муйхарлалаа. АН-ын хэрэгжүүлж байсан зөв бодлогуудын нэрийг өөрчлөөд ч болов хэрэгжүүлмээр байна. Төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэн харах, цар тахалд сөхөрсөн аж ахуйн нэгжүүдээ ялгаварлалгүй дэмжих, ажлын байр олноор бий болгох, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бодитой ажил хийх шаардлагатай байгаа.

-Таны хувьд хаврын чуулганаар ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Улс төрийн намын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуульд илүү анхаарал хандуулан ажиллаж байна.

-Үнийн өсөлттэй холбоотой хууль батлагдсан. Уг хуулийн ач холбогдол яг хөрсөн дээрээ бууж хэрэгжих үү?

-Дайны нөхцөл байдалтай холбоотой дэлхийн хүнсний нөөц буурч, хүнсний үнэ өсч хүнсний хангамжид хомсдолын томоохон эрсдэл үүсэх нь тодорхой боллоо. Зөвхөн гурван бүтээгдэхүүнд зориулж хууль гаргах, зарим нэгэн хүнсний барааны гаалийн татварыг тэглэх замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иймээс үнийн хомсдолын асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх ёстой. Мөн л ялгаагүй урт, дунд хугацааны стратегиа тодорхой болгохгүй бол богино хугацааны шийдэл шүү дээ.

-Хууль гаргалаа гээд үнэ буурчихна гэж байх уу. Эсвэл бид дотоодынхоо үйлдвэрлэлүүдийг дэмжсэн, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болж байж бараа бүтээгдэхүүний хомсдолоос гарна биз дээ. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

-Эрчим хүчний хараат бус байдлаас гарах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин УЦС, Таван толгойн болон ДЦС-5 бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх ёстой. Хүнсний бие даасан бодлогыг хэрэгжүүлэх, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдээ 100 хувь үйлдвэрлэдэг болох чиглэлд Засгийн газрын бодлогыг чиглүүлэх нь зүйд нийцнэ.

ШИНЭ МЭДЭЭ