МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Батжаргал: Өөрийнхөө ногоон байгууламжаас ашиг хүртдэг байх орчин нөхцлийг бүрдүүлэх нь чухал
2022.05.11
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ж.Батжаргал: Өөрийнхөө ногоон байгууламжаас ашиг хүртдэг байх орчин нөхцлийг бүрдүүлэх нь чухал

Хаврын чуулганаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хувьд ойн асуудалд нухацтай хандаж, чуулган болоод байнгын хорооны хуралд ойн хуульд зайлшгүй тусгах шаардлагатай асуудлуудыг хөнддөг. Уг хуулийн үзэл баримтлалын талаар Ж.Батжаргал гишүүнээс тодрууллаа.

Энэхүү хуулийн өөрчлөлтийн гол үзэл санааны талаар яриагаа эхэлье.  

Төрийн нийтийн өмч болох ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцааг зохицуулж буй хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүсээд байна. Монгол Улсын Засгийн газраас Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан. Гол агуулга нь үндсэндээ Ойн агентлаг болон тэрхүү байгууллагын эрх үүрэг, экосистемийн тэнцвэртэй байдлыг хамгаалах, ногоон бүсээ тэлэх зорилгын хүрээнд мод үржүүлэг, тариалалт ургуулалтын асуудлыг сайжруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлтийн хурдцыг бууруулахад чиглэсэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэлээд зохицуулалт орж байгаа.

Монгол орны нийт газар нутгийн 8 орчим хувь нь ой бүхий бүс нутаг байна. Үүнийг бид зөв зохистой хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхэд холбогдох хууль, эрх зүйн суурь харилцаа сайн байх ёстой. Одоогийн нөхцөл байдалд ой бүхий бүсийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх нь чухал болоод байна. Уг хуулиар дамжуулан иргэдийн орлого амьжиргааг нэмэгдүүлэх, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм.

Ойн менежментийг сайжруулж, урт хугацааны бодлогыг зөв тодорхойлсноор бидний яриад байгаа ойн сан бүхий газрын хэмжээ нэмэгдэнэ гэж ойлгоод байгаа. Энэ зөв үү? 

Мэдээж, ойн сангийн өнөөгийн нөхцөл байдлыг судлан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодитой дүгнэж, одоо байгаа ойгоос цаашид хэдий хэмжээний мод бэлтгэж болох хэчнээн га талбайд хортон шавжтай тэмцэх, нөхөн сэргээлт хийх вэ гэдгийг менежментийн төлөвлөгөөгөөр зохицуулдаг. Тэгэхээр зөв менежментийн дагуу явбал тэр хэмжээнд эрүүл, их хэмжээний ойтой болох юм. 

Ойн санг зүй зохистой хамгаалах, нөхөн сэргээж, ашиглах асуудлыг ойн менежментийн төлөвлөгөөгөөр зохицуулах учиртай. Ойн менежментийн төлөвлөгөөг улс, аймаг, сумын түвшинд мэргэжлийн байгууллагаар баталж байгаа. Энэхүү төлөвлөгөө нь мэргэжлийн багийн маш сайн суурь судалгаанд суурилагдах ёстой. Нэгэнт зардал гаргаж, мэргэжлийн судлаачдаар төлөвлөгөө боловсруулсан бол гаргасан санал дүгнэлт, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Үүнийг ойг тогтвортой хамгаалах гол арга гэж хэлж болно.

Менежментийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ заавал хэрэгжүүлэх учиртай.

Ойн менежментийн төлөвлөгөөнд ямар асуудлыг тусгавал, үр өгөөжтэй болох вэ?  

Бидний ярьж буй менежментийн төлөвлөгөөнд тусгах ёстой, орхигдож байгаа чухал асуудал бол ой хамгаалалтын зурвас гаргах явдал юм. Ойн гүнд байгаа хэсэг рүү тээврийн хэрэгслээр зорчиход бэрх бөгөөд ердийн үед ч төвөгтэй хүрдэг. Ойн сангийн хамгаалалтыг зөв байлгаж, хүнд нөхцөл байдал үүссэн тохиолдолд цаг алдалгүй хариу арга хэмжээ авч, хэрэгжүүлье гэвэл ойн зурвас хийх хэрэгтэй. Ой бүхий талбайг зурвасаар тусгаарласнаар эрсдлийг тодорхой түвшинд буруулна гэсэн үг. Ойн гүнд түймэр гарахад ямар зайнаас, хэр хэмжээний ус татаж унтраах вэ гэдгийг хүртэл судалсан байх шаардлагатай. Түймэр унтраах зориулалт бүхий усыг ямар ч тохиолдолд ашиглах боломжийг судалж, хэрэгцээтэй гэвэл гүний худаг гаргаж, бэлэн байдлаа хангах ёстой.

Үүний дараа ойн сан бүхий газрын байгаль хамгаалалтын асуудлыг зөв харж, ойн нөхөрлөлүүд болон тухайн бүс нутагт амьдарч буй иргэдтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Тэр хүмүүсийн хүч, мэдээлэл, хяналтад тулгуурлаж, ой болон байгаль хамгаалалтын асуудал давамгайлж явах ёстой юм.

Энэхүү зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд тухайн иргэд, нөхөрлөлүүд ойн сан болоод түүнийг дагах баялгийг хүртэх асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд баталгаажуулах шаардлагатай. Ингэж байж хариуцлага үүснэ. Энэ ойн бүс нутгийг хэдий хэмжээнд тогтвортой байж чадна төдий чинээ үр ашгаа хүртэж, амьдрах нөхцөл сайжирна гэдэг ойлголтыг тэдэнд суулгах хэрэгтэй юм.

Мэргэжлийн байгууллагууд болох мод бэлтгэлийн аж ахуйнууд тухайн жилд хэдий хэмжээний мод бэлтгэж байна тэр хэмжээний талбайд ойн нөхөн сэргээлт хийж байгаа. Модны амьдрах чадвартай холбоотой хэдий хугацаанд хамгаалж улсын ойн санд хүлээлгэж өгч байгаа харилцааг дахин харах ёстой. Мөн тухайн аж ахуй нэгжийн нөхөн сэргээлт хийсэн талбай дахь модны амьдралтай уялдуулж, дараа жилүүдийн мод бэлтгэлийн асуудлыг зохицуулж байх эрх зүйн орчин бүрдүүлэх нь зөв, ингэж байж ойн сан тэлэх юм.

Мод бэлтгэлийн талаар ярилаа. Анхаарууштай зүйл юу байна? 

Ойгоос бэлтгэх модны нөөцийн зураглалтай ойн зурвас газрын зураглалыг уялдуулж хийх хэрэгтэй. Үүнийг судалсны үндсэн дээр мод бэлтгэлийн ажлыг хийх ёстой. Тээврийн хэрэгсэл явах боломжгүй газар очиж, мод бэлтгэнэ гэж байхгүй. Үүнээс болоод мод бэлтгэлийн ажил ойн захаасаа яваад гол асуудалтай модондоо хүрч чаддаггүй. Тиймээс тухайн жилд бэлтгэх модны тооцоо, судалгааг гаргаж, ойн зурвастай давхцуулах юм бол өндөр ач холбогдолтой болох бөгөөд хэсэг хугацааны дараа хүссэн үр дүндээ хүрнэ. Ийм л харилцааг ойн менежментэд тусгах хэрэгтэй. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй явуулахын тулд ямар зарчим баримтлах вэ? 

“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд анхаарууштай асуудлууд цөөнгүй байна. Хэдий хэмжээний мод тарих, энэ нь иргэдийн амьжиргаа, байгаль экологид ямар үр дүн үзүүлж, иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогыг бий болгох, нөөц баялгаа дагасан боловсруулах чиглэлийн үйлдвэрүүд бий болгох эсэхийг тооцоолох нь чухал. Мөн хөтөлбөр хэрэгжүүлэх газруудаа бүсчилж сонгоод жимс, жимсгэнийн тариалалтад илүү анхаарах ёстой. Мод тарьж ургуулахаас гадна, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, жимс, жимсгэнээ тариалах хэрэгтэй. 

Хэрэв нэг дор моджуулах асуудлаа шийдэж чадвал хамгаалалт, хашаажуулалт, усжуулалтын системийг ч шийдэж болно. Мөн үүнийг дагасан ажлын байр, орлого өсөн нэмэгдэх бүрэн боломжтой юм. Бид өнөөдөр чацарганаас зөвхөн сироп, тосыг нь авч байгаа. Гэтэл чацарганаас эмийн ургамал, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг гаргаж авах боломж байна. 

Ерөнхийлөгчийн санаачилгаас өмнө иргэд өөрсдийн санаачилгаар хашаандаа мод тарьдаг байсан. Үүнийг төрийн зүгээс бодлогоор хэрхэн дэмжиж болох вэ?  

Төрөөс дэмжлэг авахаас илүүтэй, өөрийнхөө ногоон байгууламжаас ашиг хүртдэг байх орчин нөхцөл, төлөвлөлтөө зөв хийх хэрэгтэй гэж боддог. Магадгүй төрийн зүгээс иргэдэд мэргэжлийн түвшинд мод үржүүлэг, үрсэлгээг хийхэд нь сургалт, сурталчилгаа явуулах, мэдээлэл түгээх, усжуулалт болон хашаажуулалтын системийг шийдвэрлэх чиглэлээр дэмжиж ажиллавал хамгийн зөв дэмжлэг болно гэж харж байна.  

Олон улсад ойн сан бүхий газрын талбайг бууруулахгүй байх, эдийн засгийн зөв эргэлтэд оруулдаг жишгийг бид өөрсдийн хөрсөнд буулгах шаардлагатай байна. Энэ нь манай улсын ойн менежментийн суурь бодлого болох учиртай юм. 

ШИНЭ МЭДЭЭ