2022.05.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Д.Өнөрболор: Тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ямар бодлого барьж байгаа вэ?
УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,05,18/-ны өдрийн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Хуулийн гол өөрчлөлт тариалангийн бүс нутагт татварын хэмжээг нэмэгдүүлэх асуудал байгаа юм. Энэ хуульд хамгийн их өртөх нутаг бол Сэлэнгэ аймгийн 4 мянга гаруй малчид. Тус аймагт 1,8 сая малтай, үүний 20 хувь нь эрчимжсэн мал аж ахуй. Ямаанаас бусад тоо толгой өссөн үзүүлэлттэй. Тойрог дээр ажиллаж байхад малчид татварын бодлогыг эсэргүүцэхээс илүү эрчимжсэн аж ахуйг дэмжих бодлого хэрэгтэй байна гэж хэлдэг. Хуулийн өөрчлөлтөөр татварыг 0-10 мянган төгрөг гээд ИТХ-ын мэдэлд үлдээж байна. Тариалангийн бүсэд аль малын төрөлд, ямар нөхцөл байдлаар татвар ногдуулахаа салбарын яам бодлогоо гаргах ёстой.
Засгийн газраас тариалангийн бүс болгож зарласан шийдвэрт мал аж ахуйг эрхэлж байгаа малчдыг бэлчээр, ус бүхий газарт шилжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ гэсэн байгаа, үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ. Дан ганц татвар нэмээд үр дүнд хүрэхгүй гэсэн бусад гишүүдийн саналтай нэг байна. Асуудлыг шийдэхдээ сайн судлах ёстой. Сэлэнгэ аймгийн нийт малын 47 хувь хээлтэгч мал байдаг. Цаашид ямар бодлого гаргаж ажиллах вэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.