Ц.Туваан: С.Эрдэнэ бид хоёрт булаацалдах зүйл, хувийн өс хонзон байхгүй
2022.05.23
Улстөр

Ц.Туваан: С.Эрдэнэ бид хоёрт булаацалдах зүйл, хувийн өс хонзон байхгүй

УИХ-ын гишүүн Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ЫН ДАРГА УНШИЖ СОНСГОСНООР ШИНЭ БҮЛГИЙН ДАРГЫН БҮРЭН ЭРХ ХЭРЭГЖИНЭ-

-Ардчилсан намын бүлэг дотооддоо учраа олж чадалгүй нэлээд хугацаа өнгөрчихлөө. Бүлгийн даргыг солих асуудал ямар шатандаа явна вэ?

-Шулуухан хэлэхэд бид сөрөг хүчнийхээ үүргийг тийм сайн гүйцэтгэж чадахгүй байгаа. Дотоодод асуудлууд байна. Нөгөө талаар чадаж байгаа асуудлууд ч бий. Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн, Д.Бат-Эрдэнэ гишүүн бид хэд ярилцаад ахмадуудын тэтгэврийн асуудлаар янз бүрээр шахаж ажиллаж чадаж байгаа. Үүний үр дүнд тэтгэвэр нэмэгдсэн. Цалингийн дунджыг долоо биш таван жилээр боддог байх хуулийн төсөл парламентад оруулж, ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.

Энэ мэтчилэн асуудлууд дээрээ сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Одоо дахиад бид төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх хүртлээ хууль, тогтоолоо санаачлан шахаж, шаардаж ажиллана. Парламентын болоод ардчиллын зарчим бол олонхын зарчим. УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан, намуудын бүлэг аль ч ялгаагүй олонхын шийдвэрээр явдаг. Ингэхдээ мэдээж цөөнхөө хаядаггүй зарчимтай. Гэтэл манай бүлэгт энэ зарчим алдагдчихаад байгаа.

-Тухайлбал?

-Бүлгийн ирц зургаан сар бүрдээгүй. Гэтэл “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлт” гээд чуулган дээр танилцуулагдаж байх жишээтэй. Олонхоороо зөвшилцөж байж завсарлага авах асуудал ганцхан хүний саналаар шийдвэрлэгдэж байх жишээтэй. Энэ нь хуульд нийцэж байгаа юу гэдэг асуулт гарч ирж байна. Тиймээс бид “Энэ асуудлыг шийдэж өгөөч, хуулиар заасан зохицуулалт байхгүй бол бид өргөн барья” гээд есөн гишүүний гарын үсэгтэй хуулийн төсөл өргөн барьсан.

-Бүлгийн даргаа солих тухай хуулийн төсөл үү?

-Энэ нь юу вэ гэхээр: Бүлгийн даргаа сонгочихно. УИХ-ын дарга уншиж танилцуулснаар тухайн хүн ажлаа хийх эрх нээгдэнэ. Дараа нь ажлаа хийж чадахгүй бол огцруулах заалт бүлгүүдийн дүрэм, журмаар зохицуулагддаг. Гэтэл намын бүлгийнхээ дүрэм журмыг дагуу огцруулаад бичгээ өгөхөөр “УИХ-ын чуулган дээр унших уу, үгүй юу” гэдэг асуудал гарч ирээд байгаа байхгүй юу. Олонхоороо шийдээд ороод ирвэл УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр уншиж сонсгосноор шинэ бүлгийн даргын бүрэн эрх хэрэгжиж эхлэх ганцхан зүйл заалттай хуулийн төсөл өргөн барьсан. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна.

-Та бүхний хувьд энэ асуудал нэлээд амаргүй байх нь?

-Аливаа зүйл сайн ба муу гэсэн хоёр талтай. Сүүлийн үед бидний бүх нөхцөл байдал муу талдаа эргээд байгаа. Гэхдээ муу бүхэн сайны эхлэл байдаг гэдэгт би үргэлж итгэдэг учир асуудлууд ар араасаа шийдэгдэх байх. Дарга биш хууль засагладаг болох байх гэж итгэж байна.

-С.ЭРДЭНИЙГ БҮЛГИЙН ХУРАЛД ОРУУЛЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА-


-Намын дүрэм журамдаа ч тэр бүлгийн даргаа шууд огцруулчих заалт байдаггүйтэй холбоотойгоор цэцэд хүртэл хандахдаа хүрээд байна уу?

-Түрүүнд би хэлсэн, арваннэгдүгээр сард бид бүлгээрээ хуралдаад, 11 хүний долоо нь Д.Ганбатыг огцруулах шийдвэр гаргасан. Улмаар УИХ-ын гишүүн Н.Ганибалыг түүний оронд томилсон. Энэхүү шийдвэр дээр гар хөлийн үсгээ зурцгаагаад УИХ-ын даргад хүргүүлсэн байдаг. Гэтэл УИХ-ын дарга “Хэрэв би үүнийг чуулган дээр уншчихвал хууль зөрчих гээд байна.

Хууль зөрчвөл энэ асуудал ҮХЦ-д очно. Тиймээс УИХ-ын дарга нь хууль зөрчиж болохгүй” гэдэг үндэслэл хэлсэн байдаг. Тиймээс бид энэ асуудлаас гарахын тулд миний дээр дурдсанчлан “Бүлгийн даргын огцруулах саналыг УИХ-ын дарга уншиж болдог” гэсэн нэг заалттай хуулийн төсөл өргөн барьж байгаа юм.

-УИХ-ын гишүүд нь биш гаднаас С.Эрдэнэ ирж намын бүлгийн хуралд оролцож байгааг та бүхэн юу гэж харж суув?

-Мөн Ардчилсан намын сейфэнд байгаа үндсэн дүрмийн 3.1 гэдэг зүйл заалтаар С.Эрдэнэ гэдэг хүн намын дарга байхаа болиод бараг жил болох гэж байна. Гэтэл намын дарга байхаа больсон хүнийг “Намын дарга” гэж хэлээд хүлээж авч, Төрийн ордонд оруулж ирж, намын бүлгийн хуралд хольж хутгаж байгаад нь харамсаж байна. Энэ бол буруу.

-Сонгуулийн үр дүнгээр хариуцлагаа хүлээгээд танд тамгаа гардуулж явсан хүн. Ингэхэд чухам яагаад танд дургүй болчихсон юм бэ?

-Миний хувь хүний хүмүүжил хууль дүрмээ дээдлэх, ёс зүйтэй явахыг эрхэмлэдэг. Бид хоёрын дунд булаацалдах зүйл, хувийн ямар нэгэн өс хонзон байхгүй. Би бол зарчим, дүрмийнхээ зүйл заалтуудыг барьсан. Өөрөөр хэлбэл, “Дараагийн дарга сонгогдтол Ц.Туваанд намын даргын эрх үүргийг шилжүүлж байна” гэсэн нь хэвлэл мэдээллийн хуудаснаа үлдсэн. Гэтэл дараа нь гаргасан үйл ажиллагаанууд нь сэжигтэй санагдаж байна. Эрх баригчдын талд орж, гар хөл болоод явж байх вий гэж хардаж байгаа. Улмаар гарч буй шийдвэрүүд нь хууль, шүүхийн байгууллагууд эрх баригч намын халаасны байгууллага болчхоод байгааг харуулж байна. Бид ингэж л хардаж байна.

-“Хуурамч, жинхэнэ тамга” гэгдсэн хэрүүл асар удаан үргэлжилж байна. Танд түр гардуулсан тамга одоо яг хаана байдаг юм бэ?

-Тэр тамга хайрцагтай. 2000 онд таван нам нийлж бүртгүүлээд авч байсан. С.Эрдэнэ даргаас надад ирсэн. Улмаар намын дүрэм журмын дагуу их хурлаа хийсний дараа би О.Цогтгэрэл даргад гардуулж өгсөн. Харамсалтай нь О.Цогтгэрэлийг маань УДШ янз бүрийн шалтаг тоочоод бүртгээгүй. Дараа нь УДШ-ээс 38-р тогтоол гарсан. Тэрхүү тогтоолын дагуу намын даргын сонгуулиа явуулж, Х.Баттулга сонгогдсоноор Их хурлаа хийгээд тамгаа гардуулаад өгчихсөн.

Дараа нь цэг, таслал, үг, өгүүлбэр алдалгүй 38-р тогтоолынх нь дагуу бичиг баримтаа хүргүүлсэн байдаг, бид. Яг хүчин төгөлдөр буюу жинхэнэ тамганы түүх ийм. Харин шүүх дээр эцэслэн шийдээгүй байхад С.Эрдэнэ нар “Бидний тамга хүчинтэй” гээд явж байх жишээтэй. Харж л байна. Үнэн зөвөөр шиднэ гэдэгт нь итгэж байгаа.

-ЭЦСИЙН НАЙДВАР ТАСАРТАЛ Х.БАТТУЛГЫГ НАМЫН ДАРГААР БҮРТГЭХИЙГ ХҮЛЭЭНЭ-


-УДШ Х.Баттулгыг намын даргаар бүртгэх эсэх асуудлаар хуралдана. Ямар шийдвэр хүлээж байна. Гадна нь иргэд хоёр өдөр багагүй бужигналаа шүү дээ?

-Ардчиллын ард түмэнд олгосон эрхүүд дотор жагсах цуглах, үгээ хэлэх. Үндсэн хуульд хүртэл заасан байдаг. Бид тэднийг жагс, цугла, оч гээгүй. Иргэд төрдөө, хуульд, шүүхэд итгэх итгэлгүй болчихсон байна. Буруу шийдвэр гаргачих вий гэхээс санаа зовж байна. Шүүхийн байгууллага үнэхээр хараат буй байж, зөв шийдвэр гаргадаг байсан бол иргэд итгэнэ.

-Намын хагарлын тухайд?

-Анхан, дунд, дээд шатандаа хуваагдаад салчихсан, хагарчихсан асуудал байхгүй. 300 хүнээс нэг хүн салж явахыг хагарал гэхгүй. “Ковид-19”-ийг далимдуулаад бүхнийг цахим гэдэг зүйлээр халхавчилчихлаа. Одоо л харж байя. Сум, аймаг, нийслэл буюу улс даяар саналаа өгсөн. Нэг хүн сонгогдсон. Монголчууд тэнэг хүмүүс биш, бүгдийг нь харж л байгаа. Тэгэхээр зохион байгуулалттайгаар намыг хүчгүйдүүлэх, хагалан бутаргах гэсэн үйл явдлуудаа одоо боль. Ардчиллыг авч явдаг, дуугардаг, хэлж ойлгуулдаг улс төрийн сөрөг хүчин байх хэрэгтэй. Нэг нь хэт давамгайлаад ирэхийн цагт дарангуйлал руу явдаг шүү дээ. Тодорхой хэмжээнд хяналт байж байж урагшилна. Ардчиллын зарчим ийм.

-Х.Баттулгыг магадгүй бүртгэхгүй байх вий гэсэн болгоомжлол бий. Бүртгэхгүй бол яах вэ?

-Итгэл эцэст нь мөхнө гэдэг. Эцсийн мөч хүртэл, шийдвэр гартал итгэж хүлээж байна. УДШ энэ удаад ямар нэгэн шүүх хуралдаан хийгээгүй. Бүртгэлийн үйл ажиллагааг л хийх юм. Бид цэг, таслал, үг, өгүүлбэр алдаагүй шаардлагын дагуу бичгээ хүргүүлсэн. Өмнө нь ганцхан шүүгч хүртэл хянаад алдааг хянаад л шийдвэрээ гаргачихдаг байсан. Одоо магадгүй зориуд бүх шүүгчдийнх болгож, ийм өндөр асуудал болгодог болчихсон байх гэж хардаж байна. Олон хүн шийддэг, хаалттай байдал руу оруулаад байна. Нийт олонхоороо даргаа сонгочхоод байхад бүртгэхгүй байгаа нь сэжигтэй. Бидний даргыг хэн байхыг сонгох эрх УДШ-д байхгүй. Энэ асуудалд дэндүү эрээ цээргүйгээр олон удаа гараа дүрчихсэн.

-ЧАНАРГҮЙ ЭМИЙН АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДСАН-


-Таны хувьд сүүлийн үед яригдаж буй чухал хуулийн төслүүдэд оролцож үгээ хэлж байна. УИХ-ын гишүүд эмийн чанарын тухай дуугарч эхэлсэн байна?

-Эмийн чанартай холбоотой асуудлыг бид тааж яриад байгаа юм биш. Аудитын байгууллага иж бүрэн шалгалт хийж дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтэд маш ноцтой мэдээллүүд багтсан. Ганцхан эм таваас арван нэр төрөл, үнийн хувьд асар өндөр байна. Зүүн Азийн орнуудад чанаргүй эмийн асуудал илүү их гардаг. Эм нь нэг талаараа хор. Гэтэл манайд үүнийг бүрэн хянадаг лаборатори ч байхгүй байгаа. Мэдээж чанартай сайн эм оруулж ирж буй газрууд ч бий. Хоёрдугаарт үнэ асар өндөр. Гэтэл өнөөдөр цалин, ахмадуудын тэтгэвэр ямар бага билээ. Нэг гэр бүлд өвчтэй хүн байхад ямар хэцүү билээ. Хамаг орлого эмэнд урсаж амьдралд нь хүрдэггүй.

Эрүүл мэндийн даатгалын сан татвар, шимтгэлээс бүрддэг. Улсын төсөв рүү жилд нэг их наяд төгрөгийн татаас өгдөг. Эмийн үнэ өндөр байгаагийн нэг шалтгаан энэ. Бүх эмээ нэг ам.доллароор зардаг компаниас яагаад эмээ авч болохгүй гэж. Тэгж байж чанартай, үнэ хямд эм авах боломжтой болно. Эмийн асуудлыг анхаарах түр хороо байгуулагдсан. Чанар, үнийн асуудлыг бүх талаар нь авч хэлэлцэнэ. Салбарын хүний хувьд дуу хоолойгоо илэрхийлж, ард иргэддээ тусална.

-Эмийн чанарыг ярихын тулд хил гаалиар хяналт шалгалтгүй орж ирдэг асуудал яалт ч үгүй сөхөгдөнө. Хил гаалийн шалгалтын асуудлаас ажлаа эхлэх юм шиг санагдаж байна. Энэ тал дээр хэрхэн яаж анхаарах вэ?

-Тийм шүү. Бүх асуудал хил гаальтай холбогдоно. Урьд нь манайд эм ганзагын наймаа шиг болчихсон байсан нь үнэн. Орос, Хятадаас чанартай чанаргүй эмийг хувь хүмүүс оруулж ирээд лангуун дээр тавьж байгаад зардаг байсан. Сүүлийн үед энэ асуудал харьцангуй цэгцэрсэн.

-Эмийн зах зээл дээр монополын асуудал яригддаг. Монополь байдлыг задалж байж үнэ буурах ч юм шиг. Үүнийг хэрхэн цэгцлэх вэ?

-Өнөөдөр Монголын эмийн зах зээл дээр 2000 гаруй төрлийн эм байгаа байх. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 500 гаруй эм байдаг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ